АНУ-аас Украинд шинэ багц цэргийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-21 10:08:35

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /VoA/.  Украин улсад цэргийн шинэ багц тусламж үзүүлэхээр болсноо АНУ-ын эрх баригчид даваа гарагт зарлалаа.


Тусламжийн багцад 100 сая ам.долларын зэвсэг, техник багтжээ. Тодруулбал, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "M142 HIMARS" цогцолбор болон уг цогцолборын нэмэлт сум, 155 мм ба 105 мм-ийн калибрын их бууны сум, танк эсэргүүцэгч "Javelin", "TOW", "AT-4" системүүд,  мөн гурван сая гаруй сумыг Киевт илгээнэ.


Өнөөдөр хийсэн алхам нь Украин улсын газар нутгаа чөлөөлөх тэмцэлд тусална гэж Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкений мэдэгдэлд онцолсон байна.


“Украинд нэмэлт санхүүжилт олгох тухай Ерөнхийлөгчийн хүсэлтийг Конгресс зөвшөөрч Украиныг дэмжих нь нэн чухал юм. Украин улсад өөрийгөө хамгаалж, тусгаар тогтносон, ардчилсан, хараат бус, цэцэглэн хөгжсөн улс болох ирээдүйгээ баталгаажуулахад нь тусалснаар бид үндэснийхээ аюулгүй байдлын ашиг сонирхлыг баталгаажуулна” гэж мэдэгдэлд дурджээ.


“Энэ нь тус бүс нутагт илүү том хэмжээний мөргөлдөөн гарахаас сэргийлж, ирээдүйн түрэмгийллийг таслан зогсооход тус дөхөм болно. Ерөнхийлөгч Ж.Байдены мэдэгдсэнчлэн түрэмгийлэгчдэд тохирсон хариуцлагыг хүлээлгэхгүй бол эмх замбараагүй байдал, үхэл, сүйрэл улам даамжирна. Орос улс түрэмгий дайнаа зогсоох хүртэл АНУ болон түүний байгуулсан 50 гаруй улсын эвсэл Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ” гэж АНУ-ын Төрийн департаментын тэргүүний мэдэгдэлд дурджээ.


Связанные новости