Сири дэх байгууламжуудад АНУ дахин цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /defense.gov/. Америкийн цэргүүд Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар Сирийн зүүн нутаг дахь байгууламжуудад “өндөр нарийвчлалтай” цохилт өгсөн тухай Пентагоны тэргүүн Ллойд Остин мэдээлэв.
Түүний мэдэгдсэнээр, уг байгууламжуудыг Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус болон Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүд ашиглаж байжээ.
Цохилтын бай нь Абу Камал хотын ойролцоох бэлтгэл сургуулилалтын бааз болон зэвсэгт этгээдүүд нууцаар үйл ажиллагаа явуулж байсан Маядин хотын барилга байв. Энэ удаагийн цохилтыг “Ирак, Сири дэх америкчуудын эсрэг халдлага үргэлжилсээр байгаагийн” хариуд өгсөн байна.
“Ерөнхийлөгчийн хувьд Америкийн цэргүүдийн аюулгүй байдлыг эрхэмлэхээс илүү чухал зүйл гэж үгүй бөгөөд тэрбээр АНУ өөрийгөө, цэргийн албан хаагчдаа, ашиг сонирхлоо хамгаалах болно гэдгээ тодорхой харуулахын тулд өнөөдрийн ажиллагааг явуулахыг үүрэг болгосон” гэж Пентагоны тэргүүний мэдэгдэлд дурджээ.
Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд Газын зурваст дайн эхэлснээс хойш АНУ гурав дахь удаагаа Сири дэх объектуудад цохилт өглөө. АНУ-ын цэргүүд өмнө нь аравдугаар сарын сүүлч, мөн өнгөрсөн долоо хоногт Ираны дэмжлэгтэй бүлэглэлд цохилт өгсөн юм. Өмнө нь “Иракийн исламын эсэргүүцэл” бүлэглэл цохилтын хариуд Америкийн баазууд руу 20 гаруй пуужин харвасан юм. Газын зурваст дайн эхэлснээс хойш Сири, Ирак дахь АНУ-ын баазууд олон удаа халдлагад өртсөн байна.