Иран, Саудын Арабын удирдагчид уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЭР-РИЯД, 2023 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Ойрхи Дорнодын бүс
нутгийн хоёр гүрэн болох Иран, Саудын Арабын удирдагчид энэ оны эхээр дипломат
харилцаагаа хэвийн болгосноос хойш анх удаагаа уулзжээ.
Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салмантай Исламын хамтын ажиллагааны байгууллага болон Арабын лигийн хамтарсан уулзалтын хүрээнд Эр-Рияд хотноо бямба гарагт уулзсан гэж Ираны Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлсэн байна.
Тэд
хоёр талын харилцаа болон бүс нутгийн асуудлуудын
талаар хэлэлцсэн бөгөөд үүнд Газын зурвас дахь нөхцөл байдал
багтсан гэж шинжээчид үзэж байна. Хоёр улс бүс нутгийн манлайлагчийн
байр суурийн
төлөө өрсөлдсөөр ирсэн бөгөөд Хятадын талын зуучлалаар энэ оны
гуравдугаар сард долоон жилийн турш тасраад байсан дипломат харилцаагаа сэргээхээр
тохиролцсон юм. Улмаар талууд тус тусын Элчин
сайдын яамаа дахин нээсэн билээ.
Арабын орнууд сүүлийн үед Израилтай харилцаагаа сайжруулах чиглэлд холбогдох алхмуудыг хийж байсан боловч Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш ийм алхмууд зогссон байна.
Исламын болон Арабын орнуудын удирдагчид бямба гарагт хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа
үеэр Газын зурваст цохилт өгч
буйг зэмлэн буруушаагаад, нэн даруй гал зогсоож, тус зурваст хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрөхийг уриалжээ.