Каталоны салан тусгаарлагчдад өршөөл үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-11-10 15:20:57

МАДРИД, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /BBC/. Испанийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Педро Санчес Каталоны салан тусгаарлах үзэлтнүүдийн намтай 2017 онд Каталоны тусгаар тогтнолыг тунхаглахыг оролдсон улс төрчдөд өршөөл үзүүлэх хэлэлцээ хийх талаар зөвшилцөлд хүрчээ. 


П.Санчесийн тэргүүлдэг Социалист ажилчдын нам долоодугаар сард болсон парламентын сонгуульд хоёрдугаарт жагссан бол сонгуульд ялсан консерватив Ардын нам олонх болж чадаагүй ажээ. 


Зүүний засгийн газрыг байгуулахын тулд П.Санчест каталон, баскчуудын үндсэрхэг үзэлт намуудын дэмжлэг хэрэгтэй. Гэвч энэ намуудын дунд ямар ч буулт хийдэггүй салан тусгаарлах үзэлтнүүдийн намууд байгаа юм. Тухайлбал, "Каталоны төлөө хамтдаа" (Junts) нам өнгөрсөн сонгуулийн дүнд бүс нутгийн тусгаар тогтнолыг тунхаглах үүд хаалга нээгдэж байна хэмээн мэдэгджээ.


Ерөнхий сайдын албыг үргэлжлүүлэн хашихын тулд П.Санчес өршөөлийн хууль батлахаа амласан нь испаничуудын дургүйцлийг хүргэж, улмаар барууны талыг баримтлагчдын жагсаал Мадрид болон бусад хотуудад болжээ.  Ардын намын зүтгэлтнүүд түүний энэ шийдвэрийг "тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийхөнд үйл ажиллагаа явуулах эрх чөлөөг өгч байна" гэж буруутгалаа. Мадрид хотын дарга Изабел Диаз Аюсо хэлэхдээ, социалистууд "өнө эртний түүхтэй үндэстнийг худалдаж", Испанийн хууль дээдлэх ёсонд халдаж байна гэжээ.


П.Санчес Каталоны тусгаар тогтнолыг дэмжигч, энэ мужийн засгийн эрхэнд байгаа Зүүний Каталоны Бүгд Найрамдах намтай (ERC) хэдийнэ гэрээ байгуулсан байна. Мөн Санчесийн төлөөний хүмүүс Карлес Пучдемон тэргүүтэй "Каталоны төлөө хамтдаа" намтай гэрээ байгуулжээ. К.Пучдемоны удирдлага дор Каталоны эрх баригчид 2017 онд бүх нийтийн санал асуулга явуулсны дараа тусгаар тогтнолоо тунхагласан юм. Харин Испанийн эрх баригчид уг санал асуулгыг хууль бус гэж зарласан байна. 


Бүх нийтийн санал асуулгын дараа Испанийн төв эрх баригчид салан тусгаарлах үзэлтнүүдийн 12 удирдагчийг шүүж, тэдний ес нь 2019 онд "бослого дэгдээсэн", "төсвийн хөрөнгө шамшигдуулсан" (өөрөөр хэлбэл санал хураалт зохион байгуулсан) хэргээр 9-13 жилийн хорих ял авчээ.




Связанные новости