Португалын Ерөнхийлөгч ээлжит бус сонгууль зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛИСБОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /DW/. Португалын Ерөнхий сайд Антонио Коштаг авлигын дуулианы улмаас огцорсноос нэг хоногийн дараа Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуза ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргалаа.
М.Соуза пүрэв гарагт телевизээр мэдэгдэл хийх үеэрээ “Би Бүгд Найрамдах
Улсын Ассамблейг тарааж, ирэх оны гуравдугаар сарын 10-нд сонгууль явуулахаар шийдвэрлэлээ” гэж хэлсэн байна. Сонгууль болтол А.Кошта Ерөнхий сайдын үүргийг
түр орлон гүйцэтгэх бөгөөд энэ нь португалчуудыг гайхшруулж, бухимдуулсан гэнэтийн нөхцөл байдлыг туулахад тодорхой байдлыг бий
болгох зорилготой” гэж төрийн
тэргүүн хэлжээ. Тэрбээр мөн ирэх оны
төсвийн төслийн талаар 11 дүгээр
сарын 29-нд санал хураасны дараа парламентыг тараана гэж мэдэгдсэн байна.
Авлигын дуулианы
тухайд
А.Кошта нь Португалын Ерөнхий сайдын албыг 2015 оноос хойш хашиж байгаа бөгөөд түүний Социалист нам парламентад дийлэнх олонх болоод байгаа юм. Гэвч авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цагдаа нар түүний хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөд нэгжлэг хийсний дараа мягмар гарагт албан тушаалаасаа гэнэт буухаар болжээ. Мөрдөн шалгах ажиллагаа нь литийн олборлолт, устөрөгчийн үйлдвэр байгуулах гэрээтэй холбоотой аж. Цагдаа нар А.Коштагийн ажлын албаны дарга болон өөр дөрвөн хүнийг баривчилжээ.
А.Кошта мэдэгдэхдээ "би хэдийгээр өөрөө гэм буруугүй боловч энэ хэрэг явдал нь албан тушаалаа үргэлжлүүлэн хашихад хэтэрхий их саад болж байна" гэжээ. Пүрэв гарагт Ерөнхийлөгч ингэж мэдэгдсэний дараа А.Кошта ээлжит бус сонгууль явуулахаар шийдвэрлэсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргахын оронд Португалын Төв банкны ерөнхийлөгч, Сангийн сайд асан Марио Сентеног шинэ ерөнхий сайдаар томилох намынхаа саналыг хүлээн авах боломжтой байсан гэсэн байна.