“Хиймэл нарны” эд ангийг Хятадаас нийлүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /Xinhua/. Хятад улс ITER буюу International Thermonuclear Experimental Reactor гэдэг халуун цөмийн туршилтын реакторын соронзон тулгууруудыг хуваарийн дагуу нийлүүллээ гэж ITER-ийн нийлүүлэгчдийн нэг болох Хятадын үндэсний цөмийн корпорац (CNNC) мэдэгджээ.
ITER бол дэлхийн хамгийн том, олон улсын судалгааны хамгийн чухал төслүүдийн нэг юм. Уг реактор нь нүүрстөрөгчгүй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд Нарны адилаар халуун цөмийн урвалаар гэрэл, дулаан ялгаруулдаг тул "хиймэл нар" гэж нэрлэдэг. Энэхүү төслийг Европын Холбоо, Хятад, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг болон ОХУ хамтран санхүүжүүлж байгаа юм.
Соронзон тулгууруудыг нийлүүлэх ёслол өнгөрөгч баасан гарагт болжээ. Ёслолын үеэр CNNC-ийн албаны хүн хэлэхдээ, үндсэн эд ангиудыг нийлүүлснээр төслийн чухал үе шат эхэлж, ITER-ийн анхны плазмын суурийг тавилаа. Түүнчлэн ирээдүйд Хятад улсад халуун цөмийн реакторын зураг төслийг боловсруулах, барьж байгуулахад техникийн хүчтэй дэмжлэг үзүүллээ гэжээ.
Хэт дамжуулагч соронзон тулгуур нь плазмыг тогтоон барьж, халуун синтезийн урвал тогтвортой явагдахад шаардлагатай реакторын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Соронзон системийг дэмжих, тохируулга хийхэд голчлон ашигладаг соронзон тулгуурууд нь ITER-т суурилуулсан анхны үндсэн эд анги болох ажээ.
2018 оноос хойш Хятадын үндэсний цөмийн корпорацын Баруун-Өмнөд физикийн хүрээлэн 30 гаруй багц соронзон тулгуурыг нийлүүлжээ.