Э.Блинкен Ази, Ойрхи Дорнодын орнуудад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-11-02 11:57:56

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 11 дүгээр сарын 2-10-ны хооронд Израил, Иордан, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэгт айлчилна гэж Төрийн департамент мэдээлжээ. 


Тель-Авивт Э.Блинкен “олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийн дагуу терроризмоос өөрийгөө хамгаалах Израилын эрхийг АНУ дэмжиж байгааг мэдэгдэж”, ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсийг суллах арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Иордан улсад тэрбээр Газын зурвас дахь хүчирхийллийг зогсоох механизм болон бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах арга замыг хэлэлцэнэ гэж АНУ-ын гадаад бодлогын байгууллага мэдээлсэн байна. 


Япон, Өмнөд Солонгос, Энэтхэгт айлчлах үеэрээ Э.Блинкен Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хөндөнө. Түүнчлэн энэхүү айлчлалын хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “G7” буюу “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох аж.


Э.Блинкен Израилд айлчлахаар төлөвлөж байгаа тухай хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн юм. Израил, ХАМАС-ын дайн эхэлснээс хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга тус улсад хоёр дахь удаагаа айлчлах гэж байна. Өмнө нь тэрбээр байлдааны ажиллагаа эхэлснээс хэдхэн хоногийн дараа буюу 10 дугаар сарын 12-нд Израилд айлчилсан юм. Ройтерс агентлагийн мэдээлснээр, айлчлалын үеэр Э.Блинкен Израилын улс төрийн удирдлагатай хэлэлцээ хийж, байлдааны ажиллагааны явцын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.


Связанные новости