Боливи улс Израилаас дипломат харилцаагаа тасалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-11-01 14:46:54

НЬЮ-ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /ABC News/. Боливи улсын Засгийн газар мягмар гарагт Израилтай дипломат харилцаагаа тасалсан бол Чили, Колумби улсууд Элчин сайдуудаа эргүүлэн татлаа.


Боливийн Гадаад хэргийн сайд Фредди Маманигийн мэдэгдсэнээр, Газын зурвас руу хийж буй Израилын цэргийн түрэмгий дайралтыг эсэргүүцэн буруушааж буйн илэрхийлэл болгон тус улс Израилтай дипломат харилцаагаа таслах шийдвэр гаргажээ. Боливи улс Израилтай дипломат харилцаагаа тасалсан анхны тохиолдол энэ биш юм. 2009 онд Газын зурваст болсон байлдааны ажиллагааны улмаас тус улс дипломат харилцаагаа тасалж байсан бөгөөд 2020 онд сэргээсэн байна. 


Түүнчлэн "Израил нь Газын зурваст олон улсын хүмүүнлэгийн хуулийг хүлээн зөвшөөрч боломгүй байдлаар зөрчсөн тул" элчин сайдаа эргүүлэн татахаар шийдсэн гэж Чили улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро мөн Израилд суугаа өөрийн улсын Элчин сайдыг эргүүлэн татах болсныг мэдэгдсэн байна. 


Боливийн Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Мария Нела Прада Израилд хандан "Газын зурваст олон мянган энгийн иргэдийн аминд хүрч, палестинчуудыг албадан нүүлгэн шилжүүлэхэд хүргэж буй дайралтаа зогсоохыг" уриалжээ.


Чили улсын эрх баригчид мөн "байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг" уриалав. Тус улсын эрх баригчид Боливийн нэгэн адил 10 дугаар сарын 7-нд Израил руу хийсэн ХАМАС-ын гэнэтийн дайралтын талаар дурдаагүй байна.

Связанные новости