Египет улс Рафах боомтын ойролцоо танк, хуягт машинуудаа байрлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАИР, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /The Times of Israel/. Египетийн эрх баригчид Газын зурвастай хиллэдэг Рафах шалган нэвтрүүлэх боомтын ойролцоо олон арван танк, хуягт техникээ байрлуулсан тухай “The Times of Israel” сонин мэдээлэв.
Египет, Газын зурвасын хилийн бүсэд танк, хуягт машинуудаас гадна “олон арван тээврийн хэрэгсэл" байгаа ба Египетийн эрх баригчдын энэ алхам нь Газын зурвасаас хэдэн арван мянган дүрвэгсэд орж ирж болзошгүй гэсэн болгоомжлолтой холбоотой байж магадгүй гэж тус сонинд бичжээ.
Дээрх мэдээлэлд Египетийн эрх баригчид ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Рафах нь Египет, Газын зурвасын хилийн цорын ганц шалган нэвтрүүлэх цэг юм. Египетийн Засгийн газар өмнө нь Палестины Рафах сууринд Газын зурвасаас дүрвэгсдэд зориулсан хуаран байгуулахыг санал болгосон юм. Хуарангуудыг Египетийн хилээс 3 км-ийн зайд байгуулж, түүнчлэн үйл ажиллагааг нь Египетийн тал бүрэн хянах төлөвтэй байна.