Бүх төрлийн тээврийн орлого оны эхний 9 сард 4.5 их наяд төгрөгт хүрчээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-10-31 10:39:48

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ “Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2023 оны эхний 9 сард 72.5 сая тонн ачаа тээвэрлэжээ” гэж мэдээлсэн байна.


Энэхүү тоон үзүүлэлтийг 2022 оны эхний 9 сартай харьцуулахад 32.5 сая тн буюу 81.3 өсөлттэй гарчээ. Энэхүү өсөлтөд:

  • авто тээврээр тээсэн ачаа 28.1 сая тн буюу 2.4 дахин,
  • төмөр замаар тээсэн ачаа 4.4 сая тн 22.7хувь тус тус өссөн нь нөлөөлжээ.

Бүх төрлийн тээврийн орлого 2023 оны эхний 9 сард 4.5 их наяд төгрөгт хүрчээ. Түүнийг 2022 оны эхний 9 сартай харьцуулахад 1.9 их наяд төгрөг буюу 69.6 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд:

  • авто замын тээврийн орлого 1.2 их наяд төгрөг буюу 65.7хувь,
  • агаарын тээврийн орлого 364.8 тэрбум төгрөг буюу 2.1 дахин,
  • төмөр замын тээврийн орлого 305.2 тэрбум төгрөг буюу 58.6хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

Авто замын тээвэр

Авто тээврээр 2023 оны эхний 9 сард 48.8 сая тонн ачаа тээвэрлэжээ. Өмнөх оны мөн үеэс 28.1 сая тн буюу 2.4 дахин өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 2.3 дахин өссөн нь нөлөөлсөн байх юм. Авто тээврийн салбарын орлого 2023 оны эхний 9 сард 3.0 их наяд төгрөгт хүрчээ. Түүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 1.2 их наяд төгрөг буюу 65.7 хувь өссөн тоон үзүүлэлт гарсан аж. Энэхүү өсөлтөд ачаа тээврийн орлого 970.0 тэрбум төгрөг буюу 52.9 хувь өссөн нь нөлөөлжээ.


Төмөр замын тээвэр

Төмөр замын тээврээр 2023 оны эхний 9 сард 23.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 4.4 (22.7%) сая тонноор өсжээ. Энэхүү өсөлтөд:

  • экспортын ачаа 2.7 (46.1%) сая тонн,
  • дамжин өнгөрөх ачаа 1.5 (67.1%) сая тонн,
  • дотоод ачаа 437.2 (5.2%) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Төмөр замаар 2023 оны эхний 9 сард тээсэн уул уурхайн бүтээгдэхүүн 2022 оны мөн үеэс 3.6(31.3%) сая тонн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 47.4 (48.1%) мянган тонн, хар төмөр (хаягдал, рельс гэх мэт) 40.5 (24.8%) мянган тонноор өсжээ. Төмөр замын тээврийн орлого 2023 оны эхний 9 сард 826.3 тэрбум төгрөгт хүрчээ. Түүнийг 2022 оны эхний 9 сартай харьцуулахад 305.2 тэрбум төгрөг буюу 58.6 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд:

  • нүүрс, төмрийн хүдэр,
  • жонш,
  • жоншны баяжмалын тээвэрлэлт өссөн нь нөлөөлжээ.

 Агаарын тээвэр

Агаарын тээврээр орон нутагт зорчигчдын тоо 2023 оны эхний 9 сард 311.8 мянгад хүрчээ. Түүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 66.4 мянган хүн буюу 27.1 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд:

  • Оюутолгой чиглэлийн зорчигчид 26.8 хувиар 
  • Мөрөн чиглэлийн зорчигчид 3.2 дахин өссөн нь нөлөөлсөн байна.

Агаарын тээврээр олон улсад зорчигчдын тоо 2023 оны эхний 9 сард 1.0 саяд хүрчээ. Түүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 586.1 мянган хүн буюу 2.4 дахин нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтөд:


  • Сөүл чиглэлийн зорчигчид 263.5 мянга,
  • Бээжин чиглэлийн зорчигчид 79.6 мянга,
  • Хонг Конг чиглэлийн зорчигчид 49.7 мянга ,
  • Токио чиглэлийн зорчигчид 41.6 мянга,
  • Бусан чиглэлийн зорчигчид 39.8 мянган хүнээр өсжээ.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2023 оны эхний 9 сард 705.9 тэрбум төгрөгт хүрчээ. Түүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 364.8 тэрбум төгрөг буюу 2.1 дахин өссөн байна.

Связанные новости