Хижаб өмсөөгүйн төлөө зодуулсан иран охин нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-29 16:30:36

ТЕХРАН, 2023 оны аравдугаар сарын 29 /ВВС/. Хэдэн долоо хоногийн турш эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байсан 16 настай Армита Гераванд нас баржээ. Хүний эрхийг хамгаалагчдын үзэж байгаагаар, метронд хижаб зүүгээгүй явж байсан түүнийг Ираны ёсзүйн цагдаа нар саатуулах үед оюутан охин биедээ хүнд гэмтэл авсан байна.

 

Хүний эрхийг хамгаалах Hengaw байгууллагын мэдээлснээр, уг хэрэг явдал 10 дугаар сарын 3-ны ням гарагт болжээ. Хяналтын камерын бичлэгийг үзвэл, Армита хоёр найз охины хамт метроны галт тэргэнд суух гэж байх үед ёсзүйн цагдаа нар ирж, хижаб буюу толгойн алчуураа зүүхийг түүнээс шаардсан байна. Охин татгалзахад цагдаа нар хүч хэрэглэснээр тэрбээр хүнд гэмтэл авсан бололтой. Удалгүй түүнийг ойролцоох цэргийн эмнэлэгт хүргэсэн байна.

 

Эрх баригчдын зүгээс цагдаа нар хүч хэрэглэснээс гэмтэл авсан гэдгийг эрс няцааж байгаа бол Hengaw байгууллагын идэвхтэнүүд хэрэг явдлыг цагдаа нарын үйлдэлтэй холбон тайлбарлаж байна.

 

Армитад тохиолдсон эл эмгэнэлт явдлыг өнгөрсөн онд Махса Амини амиа алдсан хэрэгтэй харьцуулж буй иранчууд олон байгаа юм. Амини нас барсны дараа Иран даяар эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, хэдэн сарын үргэлжилсэн билээ. Энэ үеэр ёсзүйн цагдаа нар эргүүл хийхийг түр хугацаанд хоригложээ.

 

Өнгөрсөн сард Ираны парламентын баталсан хуульд исламын шашны хувцаслалтын жишгийг зөрчсөн тохиолдолд эмэгтэйчүүдийг 10 жил шоронд хорих заалтыг оруулжээ.  

Связанные новости