Майк Пенс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 29 /ВВС/. АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк
Пенс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзаж байгаагаа бямба гаргийн үдээс хойш Лас-Вегас
хотод болсон Бүгд найрамдах намын /БНН/ еврейчүүдийн эвслийн хурлын үеэр мэдэгджээ.
Тэрбээр
мэдэгдэхдээ "хэцүү өрсөлдөөн
болно гэдгийг бид үргэлж мэдэж
байсан, гэхдээ би гаргасан
шийдвэртээ харамсахгүй" гэсэн байна.
БНН-аас нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч асан Дональд Трамп тэргүүлж байгаа бөгөөд М.Пенсийн хувьд сонгуулийн сурталчилгаагаа зогсоож буй анхны томоохон улстөрч
юм.
Сүүлийн үеийн санал асуулгаар М.Пенсийн нэр хүнд буурч,
БНН-ын талынхны дэмжлэг суларч байгаа аж.
Мөн сонгуулийн
кампанит ажлын явцад түүний өр нэмэгджээ. Есдүгээр сарын байдлаар тэрбээр банкинд 1.2 сая долларын хадгаламжтай, 621
мянган долларын өртэй байгаа нь намын бусад өрсөлдөгчдиинхөөс хамаагүй бага хөрөнгөтэй гэсэн үг юм.
"Би энэ кампанит ажлыг орхиж байгаа ч консерватив үнэт
зүйлсийн төлөөх тэмцлээ хэзээ ч орхихгүй" гэж М.Пенс дэмжигчиддээ хандсан мэдэгдэлдээ онцолжээ.
Өдгөө 64
настай тэрбээр 2021 оны
нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын ордны үймээний үеэр Д.Трамптай зөрчилдөж, Жо Байдены 2020 оны сонгуулийн дүнг Конгресст
баталгаажуулах ажлыг удирдаж байхдаа БНН-ын талынхны дэмжлэгийг алдсан юм.
Ноён М.Пенс нэрээ татах үеэрээ Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшигчдээс хэн нэгнийг нь дэмжсэнгүй. Тэрбээр энэ шийдвэрээ 11 дүгээр сарын 8-нд болох нэр дэвшигчдийн гурав дахь мэтгэлцээний өмнөхөн гаргалаа.