Шведийг НАТО-д элсүүлэх асуудлаарх Унгарын парламентын санал хураалт хойшлов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-26 12:07:11

БУДАПЕШТ, 2023 оны аравдугаар сарын 26 /TASS/. Швед улсыг НАТО-д элсүүлэх эсэх талаар санал хураалт явуулах тухай Унгарын парламент дахь сөрөг хүчний санал олонхын дэмжлэгийг аваагүй тул уг асуудлыг зөвхөн 11 дүгээр сард хэлэлцэх боломжтой болжээ. Энэ тухай “Ардчилсан эвсэл” намын депутат Агнес Вадай мэдэгдлээ.


“Шведийг НАТО-д элсүүлэх асуудлаар энэ долоо хоногт санал хураалт явуулахгүй” гэж тэрбээр Facebook хуудсандаа бичжээ. Түүний хэлснээр, энэ асуудлыг хэлэлцэх асуудлуудын жагсаалтад оруулах саналыг эрх баригч “ФИДЕС-Унгарын иргэний холбоо” намын депутатууд эсэргүүцжээ. 


Ингэснээр Шведийг Умар Атлантын эвсэлд элсүүлэх тухай хэлэлцээрийг Унгарын парламент хэдийд соёрхон батлах нь дахиад тодорхойгүй боллоо. Засгийн газраас холбогдох хуулийн төслийг 2022 оны зун парламентад өргөн барьсан боловч Шведийн улстөрчдийн Унгарын талаар хийсэн найрсаг бус мэдэгдлээс үүдэн асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.


Шведийн хүсэлтийг НАТО-гийн гишүүн орнуудаас Унгар, Турк гэсэн хоёр улс батлаагүй байгаа бөгөөд Туркийн тал тус улсад орогнож буй Курдын салан тусгаарлагч үзэлтнүүдийн эсрэг илүү хатуу арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм. Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг батлуулахаар 10 дугаар сарын 23-нд парламентад өргөн барьсан билээ. Харин Унгарын Гадаад хэргийн сайд П.Сийярто хэлэхдээ, тус улс Туркийн жишээг дагахгүйгээр шийдвэрээ гаргана гэдгийг мэдэгдэв.  




 



Связанные новости