Хятад улс цэнэг хураагуурын гол түүхий эдийн экспортыг хязгаарлана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 23 /FT/. Хятадын эрх баригчид цэнэг хураагуурын гол түүхий эд болох бал чулууны экспортыг хязгаарлахаар төлөвлөж байна. Энэ нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн гэж тус улсын эрх баригчид гэж мэдэгджээ.
Тодруулбал, энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн тусгай зөвшөөрөлгүйгээр хоёр төрлийн бал чулуу (нийлэг ба байгалийн) болон бал чулуун гаралтай материалыг БНХАУ-аас экспортлохыг хориглоно. Энэ арга хэмжээ нь экспортыг бүхэлд нь хориглохгүй боловч Хятадын нийлүүлэлтээс хамааралтай уг салбарын нөхцөл байдлыг тодорхойгүй болгох юм.
Вашингтонд төвтэй Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн (IER) мэдээллээр, Хятад улс дэлхийн бал чулууны 61 хувь, ашиглахад бэлэн бал чулууны 98 хувийг олборлодог ажээ. Германы "Statista" компанийн мэдээллээр, 2022 онд дэлхий даяар 1.3 сая тонн бал чулуу үйлдвэрлэсэн бөгөөд хамгийн том таван олборлогч нь Хятад, Мозамбик, Мадагаскар, Бразил, Орос юм. 2022 онд Хятадад 850 мянган тонн бал чулуу үйлдвэрлэсэн байна.
Европын Холбооны орнуудын бал чулууны хэрэгцээний дийлэнх хувийг Хятад улс хангадаг. Энэ тухай Европын нүүрстөрөгч ба бал чулуун холбооны (ECGA) цахим хуудсанд мэдээлжээ.
Өнгөрсөн долоодугаар сард Хятадын эрх баригчид мөн цахилгаан автомашин, бичил чип, батлан хамгаалах аж үйлдвэр зэрэг стратегийн хэд хэдэн салбарын чухал түүхий эд болох галли, германи гэдэг газрын ховор элементүүдийн экспортыг хязгаарласан юм. Үүнийг Хятадын тал үндэсний аюулгүй байдлын үүднээс авсан арга хэмжээ гэж тайлбарлаж байв.
Хятад улс бал чулууны экспортыг хязгаарлахаар төлөвлөж байгаа нь хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны чипийг тус улс руу экспортлоход тавих хяналтыг чангатгахад чиглэсэн АНУ-ын эрх баригчдын шийдвэрийн хариуд авч буй арга хэмжээ гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн Европын Холбоо Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт автомашинд татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Хятадын үйлдвэрүүд татаас авах замаар, шударга бусаар ашиг хүртэж байна гэж үзэж байгаа ажээ.