Швейцарын парламентын сонгуульд төвийг сахигч нам ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЖЕНЕВ. 2023 оны аравдугаар сарын 23 /SSR/. Швейцарт ням гарагт болсон парламентын сонгуульд барууны консерватив үзэлт Ардын нам ялж, улс төрийн хамгийн том хүчний байр сууриа бэхжүүллээ гэж тус улсын үндэсний радио телевизийн компани мэдээлжээ.
Тус нам цагаачлалыг хязгаарлах, төвийг сахих бодлогыг хатуу баримтлах, Швейцар улсыг ЕХ болон НАТО-гийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх, мөргөлдөөнтэй бүс рүү зэвсэг экспортлохыг хориглох бодлогыг дэмждэг.
Швейцарын Ардын нам 200 депутатаас бүрддэг Үндэсний зөвлөл буюу парламентын их танхимд 62 суудал авсан нь 2019 оны сонгуулийн дүнгээс 9 суудлаар илүү байна. Тус намтай хамт Социал демократ нам, “Төв”, “Чөлөөт ардчилсан нам. Либералууд" гэсэн намууд эвслийн Засгийн газарт орох төлөвтэй. Эдгээр нам шинэ парламентад 41, 29, 28 суудлыг тус тус авчээ.
Кантонуудын зөвлөл буюу парламентын бага танхимын (46 депутат) сонгуулийн эцсийн дүн 11 дүгээр сарын сүүлчээр гарна. Швейцарын 10 кантонд хоёр дахь шатны сонгууль явагдахаар болжээ.