Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд Хятад, Филиппиний хөлөг онгоцууд мөргөлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-23 11:37:33

ХОНКОНГ, 2023 оны аравдугаар сарын 23 /CNN/. Ням гарагт Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд Хятад, Филиппиний хөлөг онгоцууд хоёр ч удаа мөргөлдөж, энэ явдалд хоёр улс бие биенээ буруутгажээ.


Филиппиний эрх баригчдын мэдэгдэлд дурдсанаар, Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоц Спратли бүлэг арлын "Second Thomas Shoal" гэгддэг Аюнгин арал дээрх цэргүүдийн хангамжийг тээвэрлэж явсан Филиппиний хөлөг онгоцны замыг хааж "аюултай маневр" хийсний улмаас мөргөлдсөн байна.


Мөн Филиппиний BRP Sierra Madre” десантын хөлөг онгоцны хангамж нийлүүлэх үүрэг гүйцэтгэж байсан эргийн хамгаалалтын хөлөг онгоцтой Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоц мөргөлдсөн хоёр дахь тохиолдлын талаар Филиппиний шуурхай алба мэдээлсэн байна. Филиппиний эрх баригчид уг хөлөг онгоцыг Аюнгин аралд 1999 онд байрлуулж, тус улсын тэнгисийн явган цэргүүд маргаантай бүс нутгийг хамгаалж эхэлжээ.


Хятадын эргийн хамгаалалтын албанаас ням гарагт хийсэн мэдэгдэлд, Филиппинийг Хятадын хөлөг онгоцны навигацийн аюулгүй байдалд аюул учруулж, олон улсын тэнгисийн хуулийг зөрчлөө гэж буруутгасан байна.


Филиппиний эхний усан онгоцыг Ренай хад болон Нанша арлуудын бүс рүү нэвтэрсэн тул эргийн хамгаалалтын хөлөг онгоц "бага зэргийн мөргөлдөөн" үүсгэж "хуулийн дагуу" саатуулсан гэж Хятадын тал мэдэгдэлдээ дурджээ.


Хоёр дахь хэрэг явдалд Филиппиний эргийн хамгаалалтын хөлөг онгоц "зориудаар асуудал үүсгэж, чиглэлээ өөрчилсөн тул" Хятадын загас агнуурын завьтай мөргөлдсөн гэж Хятадын эргийн хамгаалалтын газар мэдэгдсэн байна.


Өмнөд Хятадын тэнгисийн 3.4 орчим сая хавтгай дөрвөлжин км хэсгийг бараг бүхэлд нь, мөн энэ бүсийн элсэн арлууд, ихэнх арлыг Бээжин өөрийн газар нутаг гэж үздэг.


Гааг дахь олон улсын шүүх 2016 онд тэнгисийн энэ маргааныг Филиппиний талд шийдвэрлэж, Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх хэсгийг эзэмших түүхэн эрхийг шаардах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн юм. Гэсэн хэдий ч Бээжин уг шийдвэрийг үл тоомсорлосон байна.


Хоёр ч удаа хөлөг онгоцууд мөргөлдөх үеэр хүн бэртэж гэмтээгүй бөгөөд энэ нь маргаантай бүсэд Бээжин, Манила хоёрын хооронд саяхан ширүүн маргаан дагуулсан тохиолдлуудын хамгийн сүүлийнх юм.

Связанные новости