Египетэд болсон "энх тайвны дээд хэмжээний уулзалт" хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-22 11:28:36

КАИР, 2023 оны аравдугаар сарын 22 /DW/. Египетийн нийслэл Каир хотноо өчигдөр болсон Газын зурвасын асуудлаарх олон улсын бага хуралд оролцогчид хамтарсан мэдэгдэл гаргаж чадаагүй байна. 


Дипломат эх сурвалжийг эш татан AFP агентлагийн мэдээлснээр, Арабын орнуудын удирдагчид хамтарсан мэдэгдлийн талаар Өрнөдийн орнуудын байр суурьтай санал нийлээгүй байна. Тодруулбал, Европын Холбоо, АНУ, Израилд террорист байгууллага гэж үздэг хэт давруу үзэлт лалын шашинтнуудын ХАМАС хөдөлгөөнийг Палестин-Израилын зөрчлийг улам хурцатгасны хариуцлагыг хүлээх ёстой гэсэн Өрнөдийн орнуудын байр суурьтай санал нэгдээгүй байна. Өрнөдийн удирдагчид мөн барьцаанд байлгаж буй хүмүүсийг суллахыг ХАМАС-аас шаардсан уриалгыг оруулахыг хүсжээ.


Гэвч “энх тайвны дээд хэмжээний уулзалт”-ыг даргалсан Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси үүний оронд Арабын бусад орны удирдагчидтай зөвшилцөн тохиролцсон мэдэгдлийг нийтэлжээ. Уг баримт бичигт мөргөлдөөн улам бүр хурцдаж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэг шударга бөгөөд урт хугацааны шийдлийг олох чадваргүй гэдгийг "илчилсэн" бол дэлхийн удирдагчид зовж зүдсэн хүмүүсийн хамгийн энгийн хүсэл эрмэлзлийг ч хангаж чадахгүй “түр зуурын аргацаасан шийдлүүдийг" санал болгож, "мөргөлдөөнийг бүрмөсөн эцэс болгохын оронд түр зуур намжаахыг л" эрмэлзэж ирсэн гэж дурджээ. 


Харин Израилын тал бүс нутаг, дэлхий дахинд аюул учруулсан “лалын шашинтнуудын терроризм”-ийг буруушаагаагүйд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тус улсын төлөөлөгчид уг дээд хэмжээний уулзалтад уригдаагүй байна.


Дээд хэмжээний уулзалтад оролцогчдын санал бодол өөр байв

Египетэд "энх тайвны дээд хэмжээний уулзалт"-ыг Палестин-Израилын мөргөлдөөн хурцдаад байгаатай холбогдуулан зохион байгуулсан бөгөөд Европ, Африк, Ойрхи Дорнодын 30 шахам улсын Гадаад хэргийн сайд нар, улстөрчид, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нар оролцжээ. Харин уулзалтад Израил, АНУ-ын төлөөлөгчид байсангүй.


Ш.Мишель дээд хэмжээний уулзалтын бүх оролцогчид хандан "Ойрхи Дорнод дахь хүчирхийллийн буруу тойргийг таслахад” хувь нэмрээ оруулахыг уриалав. Тэрбээр Израил улс нь олон улсын хууль, түүний дотор хүмүүнлэгийн хуулийн дагуу ХАМАС-ын терроризмоос өөрийгөө хамгаалах эрхтэй гэдгийг батлан мэдэгджээ. Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок "террористуудыг энгийн иргэдээс үргэлж ялгаж салгаж, үзэн ядалтыг дэвэргэхгүй байхыг" уриалаад Берлин Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг 50 сая еврогоор нэмэгдүүлснийг мэдэгджээ.


Иорданы хаан II Абдалла “Газын зурваст дайныг нэн даруй зогсоохыг” уриалаад, палестинчуудын үхэл, зовлонгийн талаар "дэлхий нийт чимээгүй байгааг" буруушаав. Египетийн Ерөнхийлөгч мэдэгдэхдээ,  палестинчууд "өөрсдийгөө тодорхойлох хууль ёсны эрхээ эдлэх ёстой бөгөөд өөрийн газар нутагт бие даасан төр улстай байх ёстой" гэжээ. Харин Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас "эзлэн түрэмгийллээ зогсоохыг Израилаас шаардсан байна".


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ, 2.4 сая хүн амтай Газын зурваст хүмүүнлэгийн сүйрэл болж байгааг тэмдэглэв. НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын бусад байгууллагуудын хамтарсан мэдэгдэлд "тусламж хэрэгтэй байгаа энгийн иргэдэд хүрэх, амь насыг нь аврах боломжийг хүмүүнлэгийн байгууллагуудад олгож, Газын зурвасын бүх нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоох, хүмүүнлэгийн тусламжийг нэн даруй саадгүй нэвтрүүлэхийг” уриалжээ.


Связанные новости