Ким Жөн Ун Оросын Ерөнхийлөгчтэй хийсэн тохиролцоог “үнэнчээр” биелүүлэхээ амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-20 12:55:09

СӨҮЛ, 2023 оны аравдугаар сарын 20 /Reuters/. Өнгөрсөн сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн бүх тохиролцоог хэрэгжүүлэхээр шийдсэнээ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун илэрхийлэв гэж Умард Солонгосын төрийн мэдээллийн KCNA агентлаг мэдээллээ. Тэрбээр энэ тухай тус улсад айлчилж буй Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзахдаа мэдэгдсэн байна. 


Өнгөрсөн сард Ким Жөн Ун ОХУ-д айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр тэрбээр В.Путинийг Пёньянд урьж, хоёр талын цэргийн хамтын ажиллагаа, түүний дотор Умард Солонгосын хиймэл дагуулын хөтөлбөр, Украины дайны талаар ярилцсан юм.


Ким Жөн Ун, С.Лавров нар “улс төр, стратегийн бат бөх итгэлцлийн харилцаа”-нд тулгуурлан хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх арга замуудыг хэлэлцлээ гэж KCNA агентлаг мэдээлжээ. 


Тус агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун "дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцоог үнэнчээр хэрэгжүүлэх замаар шинэ эриний БНАСАУ, ОХУ-ын харилцааны талаарх  тогтвортой, алсыг харсан төлөвлөгөө боловсруулж ажиллахаа амлажээ”.


Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи, С.Лавров нар дээд хэмжээний уулзалтын дараа тусдаа яриа хэлэлцээ хийж, эдийн засаг, соёл, дэвшилтэт шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэж, 2024-2025 оны солилцооны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. 


Хоёр дипломатч мөн хоёр талын харилцааг “илүү өндөр түвшинд гаргах” талаар хэлэлцсэн гэж KCNA-гийн мэдээнд дурджээ. 


С.Лавров уулзалтын дараа Пёньян хотоос явсан тухай тус агентлаг мэдээлсэн байна.



Связанные новости