Канад улс Энэтхэгээс дипломат ажилтнуудаа эргүүлэн татав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-20 11:11:10

ОТТАВА, 2023 оны аравдугаар сарын 20 /AP/. Энэтхэг улсаас Канадын дипломат ажилтнуудыг эргүүлэн татсныг тус улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли мэдэгджээ. Тодруулбал, Канадын 41 дипломат ажилтан, тэдний гэр бүлийн 42 гишүүнийг татан авсан байна.


Гадаад хэргийн сайд М.Жоли мэдэгдэхдээ “эдгээр дипломат ажилтан халдашгүй дархан эрхээ хэдийд ч хасуулах аюулд ороод байсан бөгөөд энэ нь тэдний хувийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулна. Манай дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн Энэтхэгээс аль хэдийнэ явсан" гэжээ. Дипломат халдашгүй дархан эрхийг хасах нь урьд өмнө авч байгаагүй арга хэмжээ төдийгүй олон улсын хууль тогтоомжид харшилж байна гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Тиймээс Канадын тал Энэтхэгийн дипломатчдын эсрэг ийм арга хэмжээ авахгүй гэж М.Жоли мэдэгджээ. Хоёр долоо хоногийн өмнө Энэтхэгийн эрх баригчид 40 гаруй дипломат ажилтнаа эргүүлэн татахыг Канадаас хүсэж, хэрэв үлдвэл халдашгүй дархан эрхийг нь хасна гэж мэдэгдсэн байна. Одоо Энэтхэгт Канадын 21 дипломат ажилтан үлдэж байгаа аж. 


Өнгөрсөн есдүгээр сард Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо сикх үндэстний удирдагчдын нэгийг хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн тагнуулын алба оролцсон байж болзошгүй гэж мэдэгдсэний дараа хоёр улсын харилцаа муудсан юм. Канадын Гадаад хэргийн яам Энэтхэгийн өндөр албан тушаалын дипломатчийг нутаг буцааж буйгаа зарласан бөгөөд Энэтхэг хариу арга хэмжээ авч Канадын дипломатчийг нутаг буцаасан билээ.


Связанные новости