Ж.Жордан Төлөөлөгчдийн танхимын даргын сонгуульд оролцохоос татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-20 10:07:59

ВАШИНГТОН. 2023 оны аравдугаар сарын 20 /Politico/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хууль зүйн хорооны дарга, Бүгд найрамдах намын гишүүн Жим Жордан Төлөөлөгчдийн танхимын даргын гурав дахь шатны сонгуульд оролцохоос татгалзжээ.


Тэрбээр сонгуульд оролцохын оронд Төлөөлөгчдийн танхимын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Бүгд найрамдах намын Патрик МакХенригийн эрх мэдлийг өргөжүүлэхийг дэмжинэ гэж Politico сонинд эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна. 


Аравдугаар сарын 17, 18-нд болсон сонгуулийн эхний хоёр шатанд Ж.Жордан спикерээр сонгогдоход шаардлагатай 217 саналыг авч чадаагүй юм. Эхний шатанд түүнийг 200, хоёр дахь шатанд 199 хүн дэмжсэн байна. “Politico”-ийн мэдээлснээр, хэрвээ П.МакХенригийн эрх мэдлийг өргөжүүлбэл тэрбээр 2024 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэл энэ албан тушаалд үлдэх аж.


Ж.Жорданыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хамтран зүтгэгч гэж үздэг. Түүнийг нэр дэвшүүлэхийг Төлөөлөгчдийн танхимын даргын суудлаас энэ сарын 3-нд огцорсон Кевин Маккарти дэмжжээ. 


АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгох гурав дахь шатны санал хураалт баасан гарагт буюу өнөөдөр болох юм. Харин Ж.Жорданыг спикерийн сонгуульд үргэлжлүүлэн оролцох бодолтой байна гэж Reuters агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, түүний намын гишүүд П.МакХенригийн бүрэн эрхийг өргөжүүлэхийг дэмжихгүй байгаа аж.



Связанные новости