Газар хөдлөлтийн гамшиг дагуулсан 2023 он
ТОЙМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Он гарснаас хойш Турк, Сири, Афганистан, Марокко, Эквадор
улсуудад маш хүчтэй газар хөдлөлтүүд боллоо.
Гамшгийн улмаас зөвхөн Туркэд
гэхэд 48 мянга гаруй хүн амь насаа алдаж, тус улсын эдийн засагт 100 гаруй
тэрбум долларын хохирол учирч, 500 мянга гаруй барилга байшин, дэд бүтцийн байгууламжууд эвдрэн
сүйджээ.
Туркийн өмнөд нутаг бол Африкийн хавтан, Арабын
хавтан, Анатолийн хавтан гэсэн гурван тектоник хавтангийн зааг дээр оршдог газар хөдлөлийн аюултай бүс юм. 2
дугаар сарын 6-ны өдрийн өглөө эрт Туркийн зүүн өмнөд нутгийн Кахраманмараш
хотод 7,4 баллын хүчтэй газар хөдлөлт болсноор Анатолийн тектоник хавтан баруун
тийш 3,3-5 м зайд хөдөлж шилжсэн байна.
Тус улсад дараалан болсон газар хөдлөлтүүдээс улбаалан янз
бүрийн хүчтэй газар дорх чичирхийллүүд Орос, Гүрж, Израил, Ирак, Ливан, Кипр
төдийгүй Гренландад хүртэл бүртгэгдсэн байна. Мөн Турк, Сирид тохиосон гамшгаас
хойш ердөө сар хагасын дараа Эквадор, Пакистаны нутагт газар хөдлөлт боллоо. Афганистанд
гэхэд, ердөө долоо хоногийн дотор гурван удаа дараалан газар хөдөллөө. Эхний
хоёр газар хөдлөлтийн улмаас 2 мянга гаруй хүн амиа алджээ. Газар хөдлөх нь
Афганистанд ховор үзэгдэл биш, ялангуяа Евразийн ба Энэтхэгийн тектоник
хавтангуудын уулзвар дээр орших Гиндукуш уулын бүсэд ийм гамшиг олонтоо
тохиодог байна.
Гамшигт нөлөөлөх хүчин зүйлс, түүнээс сэргийлэх боломж
Газар хөдлөх үзэгдлийг товч тайлбарлавал, дэлхийн бөмбөрцгийн
дотоод бүтэц нь газрын давхарга, манти, цөм гэсэн үндсэн гурван хэсгээс бүтдэг.
Бөмбөрцгийн голд шингэн, халуун мантигаар бүрхэгдсэн цөм оршино. Харин
Дэлхийн гадаргуугийн хамгийн дээд давхарга болох царцдас буюу газрын давхарга нь литосферийн хавтангуудаас тогтдог ба тэдгээр нь байнга хөдөлж, бие биентэйгээ мөргөлдөж байдаг. Нэг хавтан нөгөөгөө түлхэх үед асар их энерги ялгарснаар газар хөдлөлт болдог.
Мэргэжлийн хэлээр бол, дэлхийн гадаргын хуваагдсан
хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд тодорхой цэг дээр хуримтлагдсан энерги
сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар
хөдлөлт гэж нэрлэдэг байна.
Шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байгаа ч гэлээ геофизикийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэд хэзээ, хаана, ямар хүчтэй газар хөдлөлт болох вэ гэдгийг урьдчилан таамаглаж чадахгүй хэвээр байна. Хүн төрөлхтөнд асар их хөнөөл сүйрлийг авчирсаар буй байгалийн гамшгийг урьдчилан таамаглах боломжгүй байгаа нь томоохон эрсдэлийг дагуулж байна. Ийм нөхцөлд байгалийн давагдашгүй хүчин зүйл болох газар хөдлөлтийн гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, хүн амд мэдээллийг шуурхай хүргэх нь нэн чухал асуудал мөн.
Сүүлийн үед хиймэл оюун ухааны алгоритмуудад түүхэнд болж
байсан газар хөдлөлтүүдийн талаарх сейсмологийн судалгааны өгөгдлүүдийг хиймэл
оюун ухааны алгоритмуудад суулгаснаар уг үзэгдлийн зүй тогтлыг илрүүлж,
болзошгүй гамшгийн талаар урьдчилан таамаглал дэвшүүлэх боломжийг хайж байна.
Гэвч хиймэл оюун ухааны боломж хязгаарлагдмал бөгөөд үүнд олон хүчин зүйл
нөлөөлж байгаагийн дотор өгөгдлүүд хязгаарлагдмал, газар хөдлөлт нь шугаман
бус, эмх замбараагүй байдлаар явагддаг, хэмжилтэд нөлөөлөх хүний хүчин зүйл зэргээс
шалтгаалан энэ ажлын эхлэл төдийлөн урагштай биш байна.
Газар хөдлөхөд хавтангуудын тектоник хөдөлгөөн, галт уулын
магмагийн хөдөлгөөн, усны хэмийн ба даралтын өөрчлөлт, хүчтэй салхи шуурга гэх
мэт маш олон хүчин зүйл нөлөөлдөг.
Тэр ч байтугай дэлхийн дулаарал ба хүмүүсийн үйл ажиллагаа
газрын гадаргууд нөлөөлж, гамшиг нүүрлэхэд хүргэж байгаа тухай ярих болжээ.
Жишээ нь, газрын хэвлийгээс их хэмжээний газрын тос, байгалийн хийг
олборлосноос үүдэн асар том хоосон орон зай үүсч байгааг ямар нэгэн зүйлээр битүүлж бөглөж байх
ёстой. Мөн дэлхийн дулаарлын нөлөөгөөр гадаргуугийн зарим хэсэг усан доогуур
шурган орж байгаа нь газар хөдлөлтөд нөлөөлөх магадлалтай.
Түүнчлэн дэлхийн цөмийн эргэлдэх хурд удааширснаас газар
хөдлөлтүүд болж байна гэж тайлбарлаж буй эрдэмтэд ч бий. Түүнээс гадна, газрын
гадаргуугийн хэлбэлзэл нь хөрсийг зөөлрүүлж, желе мэт болгож хувиргадаг учраас
хөрсний нуралт үүсдэг байж магадгүй гэж зарим судлаачид үзэж байна.
Ер нь бол, газар хөдлөлтөөс ангид, түүнд өртддөггүй тайван
аюулгүй газар гэж энэ бөмбөрцгийн хаана ч байхгүй, гэхдээ ийм гамшиг нь
тектоникийн хавтангууд хоорондоо хиллэдэг, хагарлын идэвхтэй шугам олонтой дараах гурван бүсэд илүү түгээмэл тохиодог
байна.
Үүнд: 1. Номхон далайн сейсмийн бүслүүр буюу “Галын
цагариг”.
Энэхүү бүслүүр нь Номхон далайн хавтангийн ирмэгийн дагуу
байрладаг бөгөөд дэлхий даяар болж буй томоохон газар хөдлөлтүүдийн 81 хувь нь
энд болдог ажээ.
2.Альпийн сейсмийн бүс нь Ява арлаас Суматра арал хүртэл,
Гималайн нуруу, Газар Дундын тэнгис ба Атлантын далайгаар дамжин үргэлжилнэ.
3. Дундад Атлантын нуруу нь хоёр тектоник хавтан салж буй
газарт орших бөгөөд ихэнх хэсэг нь усан дор гүнд байрлана. Уг нурууны яг дээр
нь байрлах Исланд улсад газар хөдөлж, галт уул дэлбэрэх нь ховор үзэгдэл биш юм.
Харин хүмүүст мэдрэгдэхээр хүчтэй газар хөдлөлт болдоггүй ганц тив бол
Антарктид юм.
Монголын нийслэл Улаанбаатарт учирч болзошгүй эрсдэл
Улаанбаатар хот ба түүний ойр орчмын бүс нутаг бол дээр
дурдсан Номхон далайн сейсмийн бүслүүр зэрэг хавтангуудын заагаар
байрладаг бүс нутгууд шиг асар их сейсмийн идэвхжилтэй биш
ээ.
Гэсэн хэдий ч манай улсын нутаг дэвсгэр нь Төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй бүсэд хамаардаг бөгөөд дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн 4 хүчтэй газар хөдлөлт Монгол оронд болж байв. 1905 онд одоогийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 8 магнитуд, 1931 онд Монгол Алтайн өвөр хэсгээр 8.1 магнитуд, 1957 онд Говь-Алтайд 8.5 магнитуд, 1967 онд Булганы Могодод 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд болжээ. 6.5 магнитудын газар хөдлөлт нь 7-8 баллын чичиргээ үүсгэдэг гэдгээр тооцож үзвэл дээрх газар хөдлөлтүүдийн хүч 9 баллаас давжээ.
Долоодахь хагарал
Харин сүүлийн 30 гаруй жилд Монгол оронд хүчтэй газар хөдлөлт
бололгүй амгалан тайван байсан бол одоо эргээд чичирхийллийн хүч нэмэгдэж,
давтамж нь ихсэж байгааг судлаачид анхааруулж байна. Газар хөдөлсний дараа
чичирхийллийн долгион нь хурдан замхардаг бол сүүлийн үед болж буй гамшгуудыг
ажиглахад, хүчтэй газар хөдлөлтийн дараа 5-6 баллын хүчтэй давтан чичирхийлэл үүсэх
нь түгээмэл болжээ. Энэ нь эхний доргилтоос үлдсэн барилгуудыг бүрмөсөн нурааж,
аврах багийнхан болон амьд үлдсэн хүмүүсийн амь насанд аюул учруулдаг.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар, сүүлийн жилүүдэд газар
хөдлөлтийн идэвхжил, давтамж харьцангуй өндөр болж, ялангуяа 2005 оноос хойш
нийслэл Улаанбаатар хотод үл мэдрэгдэх газар хөдлөлтүүд олширч, 2009 оноос эрс нэмэгдлээ. Хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь
газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг ба 1995-2009 онд нийт 600 гаруй
сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, идэвхтэй хагарлуудын
дагуу шилжилт хөдөлгөөн эрчимтэй явагдаж байна гэсэн үг. Идэвхтэй хагарал гэдэг
нь хэдэн мянган жилийн өмнө болж байсан хүчтэй газар хөдлөлтийн ул мөр бөгөөд
ийм хагарлуудыг илрүүлснээр газар хөдлөлтийн явцыг судалдаг.
Нийслэл орчимд үүсээд буй газар хөдлөлтийн голомтуудад
үнэлгээ хийх явцад хотоос баруун зүгт 50 км-ийн зайд 80 км гаруй урттай хагарал
байгаа нь тогтоогджээ. Уг хагарал дээр 7.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй
газар хөдлөлт болох магадлалтай. Нийтдээ нийслэл орчмыг тойрсон 6 идэвхтэй
хагарал байгааг Монголын судлаачид тогтоосон бол Японы эрдэмтэд долоо дахь хагарлыг илрүүлжээ. Үүний
сацуу сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурын районд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж,
чичирхийллийн долгион нь 700 км-ийн алсад орших Улаанбаатар хотод мэдрэгдэж эхэллээ.
Түүнээс гадна, хөрш Орос улсын газар нутгийн 20 хувь
нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс гэж тооцогддог бөгөөд эдгээрийн дотор манай
улстай хил залгаа Байгал нуурын бүс нутаг, Эрхүү муж, Буриад багтаж байна.
Байгал нуур орчимд Амурын тектоник хавтан гэж байдаг бөгөөд яг Байгал нуур,
Хөвсгөлийн Ханх сум, Саяны нурууны орчмоор Евразийн хавтантай хиллэдэг. Харин манай
Хөвсгөл нуур Байгал нууртай хүйн холбоотой билээ.
Энэ үед нийслэл Улаанбаатар хотын 4,7 мянган хав.дөр. км талбайд 2 сая орчим хүн түр оршин суугчдыг оролцуулаад/ шавааралдан амьдарч байна. Хүн амын төвлөрөл хэт ихтэй давчуу орчинд газар хөдлөх нь асар их эвдрэл сүйтгэлийг авчирч, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээний гамшиг болно. Манай улсын байршлаас шалтгаалан гамшгийн үед гадаадын тусламж саатаж ирэх ба дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод өвлийн цагт газар хөдөлбөл давхар давхар гамшиг дагуулна. Тэгэхээр Улаанбаатарын орчимд хүчтэй газар хөдөлсөн тохиолдолд үүсэх нөхцөл байдлын дүр зураг ямар байх вэ гэдэг нь төр засгийн удирдлага, иргэдийн санааг зовоосон ноцтой асуудал яах аргагүй мөн.
2010 онд Хаитид болсон 7 магнитудын газар хөдлөлтийн улмаас 300 мянган хүн амиа алдаж, Чилид 8,8 магнитудын хүчтэй
газар хөдлөлт болж дэлхий дахиныг цочоож байсан тэр үед Ерөнхийлөгч асан
Ц.Элбэгдорж уг асуудлыг анх удаа анхааралдаа авч, ҮАБЗ-өөр хэлэлцүүлж, УИХ-ын
гишүүдэд хандан үг хэлж байв.
Хамгийн сүүлийн жишээг дурдахад, нийслэл хотын 40,50 мянгатын
орон сууцны барилгуудын 1 дүгээр давхрын зориулалтыг өөрчилж, ханыг нураасан нь
маш их эрсдэлийг дагуулж байгаа бөгөөд нийтдээ 64 орон сууцны барилгын үндсэн
хийц бүтэц нь одоо мөрдөгдөж байгаа газар хөдлөлтийн норм дүрмийн шаардлагыг
зөрчиж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас анхаарууллаа.
Туркийн газар хөдлөлтийн улмаас хотууд сүйрсэн нь гурван
үндсэн шалтгаантай байсан бөгөөд юуны түрүүнд, барилгын үндсэн хийц буюу
суурийн хийцлэлийн тооцооллыг буруу хийсэн, хоёрдугаарт, барилгын материалын
чанар муу байсан, гуравдугаарт, барилгын ул хөрсийг нарийвчлан судлахгүйгээр
барилга барьснаас үүдэлтэй байв.
Судлаачдын тооцоолсноор, нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, 22-48 хувьтай, гэр хороололд 81 хувьтай байна. Ийм учраас болзошгүй гамшгаас урьчилан сэргийлэхийн тулд иргэд, төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд барилгын чанар, аюулгүй байдалд анхаарч, хууль журам, стандарт нормыг мөрдөх нь амин чухал шаардлага мөн.
Өнөөдөр газар хөдлөлт, түүнийг дагасан эрсдэл, бэлэн байдлын тухай
асуудал нь хүн бүрийн анхаарах ёстой амин чухал сэдэв болжээ.