Шинэ Зеландын сөрөг хүчний нам бүх нийтийн сонгуульд ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВЕЛЛИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 15 /Bloomberg/. Өнөө өглөө танилцуулсан сонгуулийн урьдчилсан дүнгээр Шинэ Зеландын Үндэсний нам бүх нийтийн сонгуульд ялалт байгуулж, зургаан жилийн турш засгийн эрхийг барьсан Хөдөлмөрийн нам ялагдлаа.
Үндэсний нам тэргүүтэй баруун жигүүрийн намуудын эвсэл
парламентын суудлын талаас илүү хувийг авч, засгийн газрыг эмхлэн байгуулах эрхээ баталгаажуулснаар Үндэсний
намын дарга Кристофер Луксон шинэ засгийн газрыг тэргүүлэхээр болжээ.
“Та бүхэн итгэл найдвар тээн өөрчлөлтийн төлөө саналаа өглөө” гэж К.Луксон хэлээд, Үндэсний нам дараагийн засгийн газрыг
удирдахаар болсон гэдгийг мэдэгдсэн байна. Амьжиргааны өртгийг бууруулах нь К.Луксоны шийдвэрлэх ёстой гол асуудлуудын нэг юм.
Санал хураалтын дүнгээр хамгийн том сөрөг хүчин болох Үндэсний нам
парламентын 121 суудлаас 50-ийг нь авсан бол эрх баригч Хөдөлмөрийн нам 34 суудал авчээ.
Сонгуульд нийт 17 улс төрийн нам өрсөлдсөнөөс ердөө зургаан нам парламентад суудал авсан байна. Аль ч нам олонхын суудал авч чадаагүй учраас эвслийн Засгийн газар байгуулах асуудлаарх намуудын хэлэлцээний дүнгээс олон зүйл шалтгаална.
Сонгуулийн албан ёсны дүнг ирэх 11 дүгээр сарын 3-ны өдөр танилцуулна. Энэ удаагийн сонгуульд 3.5 сая
орчим хүн санал өгөхөөр бүртгүүлсэн
бөгөөд бямба гарагт орон даяар 2300 гаруй байранд санал хураалт явагджээ.