Ираны Гадаад хэргийн сайд Ливанд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН, 2023 оны аравдугаар сарын 12, /Tasnim/. Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян Ливанд айлчилна гэж Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Айлчлал пүрэв гарагт буюу өнөөдөр эхэлнэ. Ираны Tasnim агентлагийн мэдээлснээр, талууд Ливан-Израилын хилийн бүсийн байдал, мөн Израил, ХАМАС бүлэглэлийн зэвсэгт мөргөлдөөний талаар хэлэлцэнэ.
Ираны Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь дэлхийн улс орнуудын удирдагчид ээлж дараалан Ойрхи Дорнодыг зорьж буй үед болж байна. Тухайлбал, 10 дугаар сарын 12-нд буюу өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израилд айлчилж байгаа бол Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Иорданы хаан II Абдаллатай Амман хотноо хэлэлцээ хийнэ. Харин баасан гарагт буюу маргааш М. Аббас, Э.Блинкен нар уулзана. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Израилд айлчилсныхаа дараа Иорданыг зорих ажээ.