Словакийн гурван нам засгийн газарт эвсэхээр тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРАТИСЛАВА, 2023 оны аравдугаар сарын 11 /STV/. "Чиглэл - нийгмийн ардчилал" нам, "Дуу хоолой - нийгмийн ардчилал" нам болон Словакийн Үндэсний намын удирдагчид эвслийн засгийн газар байгуулахаар тохиролцсон бөгөөд Үндэсний зөвлөл буюу парламентын 150 гишүүний 79-ийнх нь дэмжлэгийг авна гэж найдаж байна.
Засгийн газрын түвшинд хамтран ажиллах тухай санамж бичигт гурван намын удирдлагууд лхагва гарагт үсэг зурна гэж “Чиглэл-нийгмийн ардчилал” намын төлөөлөгч мэдэгджээ. Тус нам есдүгээр сарын 30-нд болсон парламентын сонгуулиар сонгогчдын 22.94 хувийн саналыг авч, парламентын 150 суудлын 42-ыг нь авсан байна. Словакийн Ерөнхийлөгч Зузана Чапутова Засгийн газрыг эмхлэн байгуулахыг “Чиглэл-нийгмийн ардчилал” намын дарга, Ерөнхий сайд асан Роберт Фицод энэ сарын 2-нд даалгажээ. Р.Фицо Засгийн газрын танхимыг дахин тэргүүлэх төлөвтэй байна.