AFP: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Францад хийх айлчлал эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-11 16:55:10

ПАРИС, 2023 оны аравдугаар сарын 11 /AFP/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уран олборлолтын талаар хэлэлцэж, эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаар Францад хийх айлчлалаа эхлүүлсэн тухай Монголын Засгийн газраас мэдээллээ.


Бямба гараг хүртэл үргэлжлэх энэхүү айлчлал нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад энэ оны тавдугаар сард айлчлах үеэрээ хоёр тал харилцаагаа өргөжүүлэхээр тохиролцсоны дараа болж байгаа юм.


Талууд мөн Францын Орано компанийн олборлолт явуулах гэж буй Монголын ураны баялаг ордуудыг ашиглах асуудлаар хэлэлцээ хийх бөгөөд энэ талаар гэрээ байгуулахыг Улаанбаатар сайшаасан юм. “Уг төсөл тэрбум гаруй еврогоор үнэлэгдэх ба Францын хувьд "стратегийн бие даасан байдлаа бэхжүүлэх”-ийн тулд их хэмжээний уран олборлох боломжийг нээнэ” гэж Францын нэгэн албаны төлөөлөгч зургаадугаар сард AFP агентлагт ярьжээ.


Францын Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлснээр, хоёр орон төрийн тэргүүн нарын уулзалтын хүрээнд гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Эдгээр яриа хэлэлцээний дараа пүрэв гарагт Елисейн ордонд 100 орчим зочдод зориулсан төрийн хүндэтгэлийн оройн зоог барина.


“Хятад, Оросын дунд оршдог Монгол Улстай харилцаа холбоогоо бэхжүүлж, хүчирхэг хоёр хөршийнхөө өмнө “стратегийн бүрэн эрхт байдлаас ашиг хүртэх боломжийг тус улсад олгохыг Франц улс эрмэлзэж байна” гэж Э.Макроны ажлын алба мэдээлжээ.


Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд соёлын салбарт анхаарал хандуулах бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааны сэдэвт үзэсгэлэнг Нант хотын түүхийн музейд нээнэ. 


“Ерөнхийлөгч Э.Макроны тавдугаар сард Монголд хийсэн айлчлалд тулгуурлан энэ долоо хоногт хийх томоохон ахиц дэвшил нь хамтын сорилтуудыг даван туулах, Монгол Улсын урт хугацааны хөгжлийг дэмжихэд илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх болно” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлснийг хэвлэлийн мэдэгдэлд эш татжээ.


Хөрш зэргэлдэх асар том авторитар гүрнүүдээс гадна өөр бусад улс орнуудтай нягт харилцаа тогтоохын тулд Монгол Улс гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлж байна.





Связанные новости