Жозеп Боррель Хятадад айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 11 /TASS/. Европын Холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель энэ сарын 12-14-ний өдрүүдэд БНХАУ-д айлчилж, хоёр талын стратегийн яриа хэлэлцээнд оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Түүний мэдээлснээр, Ж.Боррель Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар айлчлах аж.
Ван Вэньбинь цааш нь хэлэхдээ, Хятад, Европын Холбооны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байгааг дурдаад, Бээжин, Брюссель хоёр талын хамтын ажиллагааны бүхий л салбарт холбоо харилцаагаа идэвхтэй бэхжүүлж байгааг тэмдэглэв.
Мөн Ж.Боррелийн оролцох стратегийн яриа хэлэлцээ нь Хятад-Европын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд нааштайгаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаагаа Хятадын ГХЯ-ны төлөөлөгч илэрхийллээ.