Газын зурваст хүмүүнлэгийн коридор байгуулахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 11 /VOA/. Газын зурваст хүмүүнлэгийн коридор байгуулахыг Дэлхийн хүнсний хөтөлбөр мягмар гарагт уриаллаа.
Тус байгууллага мөн Газын зурвас болон Баруун эрэгт хоол хүнс, ус болон шаардлагатай хэрэгцээний хангамжаар дутагдаж буй 800 мянга гаруй хүнд хүнсний тусламж үзүүлэх яаралтай ажиллагааг эхлүүлснээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ажилтнууд болон шаардлагатай тусламжийг аюулгүй нэвтрүүлэхийг уриалжээ.
НҮБ-ын агентлаг Газын
зурвас дахь хоргодох байруудад байгаа 73 мянган хүнд бэлэн хоол хүнс тараагаад байгаа аж. Түүнчлэн Израилын тал Палестины тус нутаг дэвсгэрийг бүрэн бүслээд байгаа энэ үед дэлгүүрүүдийн нөөц хангамж дуусаж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Израилын тал өнгөрсөн бямба гарагт ХАМАС-ын хийсэн дайралтын хариуд Газын зурвасыг бүсэлж байгаагаа мэдэгдсэн юм.
Газын зурвас, Израилын хоорондох бүх хил, шалган нэвтрүүлэх цэгүүд хаалттай байгаа нь хүмүүнлэгийн
тусламж нэвтрүүлэх боломжийг хязгаарлаж, хямралыг улам даамжруулж байна гэж
Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдэгдэлд дурджээ. Хэрэв хүмүүнлэгийн коридороор дамжуулан нөөцөө дүүргэж чадвал 300 мянган хүнд хоол хүнс тараана гэж тус агентлаг мэдэгдсэн
байна.
Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх хүмүүнлэгийн ажиллагааг зохицуулагч Линн Хастингсийн хэлснээр, Газын зурвасын иргэд өдөрт ердөө 3-4 цаг цахилгаан хэрэглэх боломжтой байгаа бөгөөд ийм нөхцөл байдал нь эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Газын зурвасын эмнэлгүүд шархадсан хүмүүсээр дүүрч, эмнэлгийн хэрэгслийн нөөц багасаад байна. Түүнчлэн түргэн тусламжийн машинууд ч шатахуунгүй болох дөхжээ. Л.Хастингсийн хэлснээр, Газын зурвасын 2.2 сая оршин суугчийн 200 мянга нь байлдааны ажиллагааны улмаас орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн байна.
Дэлхийн эрүүл
мэндийн байгууллагаас Израил улс, Газын зурвасын аль алиных нь эрүүл
мэндийн ажилтнуудад тусламж санал болгосон байна. ДЭМБ-ын тэргүүн Тедрос
Адханом Гебрейесус даваа гарагт Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах ас-Сиситэй
уулзахдаа, тус байгууллагаас үзүүлэх эрүүл мэндийн болон бусад хүмүүнлэгийн тусламжийг Рафах
хилийн боомтоор Газын зурваст хүргэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.
НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн тэргүүн Мартин Гриффитс мягмар гарагт хүчирхийллийг зогсоохыг уриалж, Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, амин чухал үйлчилгээ, хангамжийг хааж болохгүй гэж мэдэгджээ. Мөн тэрбээр олзлогдсон хүмүүст хүнлэг хандаж, барьцаалагдсан бүх хүмүүсийг нэн даруй суллахыг уриалсан байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк өмнө нь олон улсын хүмүүнлэгийн хуулийг хүндэтгэхийг бүх талд уриалжээ.