Цөмийн туршилтыг хориглох тухай гэрээнээс гарахгүй байхыг ОХУ-д уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. 2023 оны аравдугаар сарын 10 /kommersant/. Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээнээс ОХУ гарч болзошгүй байгаатай холбогдуулан Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил (ICAN) байгууллагаас тус улсад хандан уриалга гаргажээ.
Тодруулбал, ийм бодол санаагаа орхихыг ОХУ-ын эрх баригчдад, түүнчлэн бусад улс орнуудыг уг гэрээнд "нэн даруй" нэгдэхийг уриалсан байна.
ICAN -ыг Цөмийн зэвсгийг хориглох гэрээг батлах, хэрэгжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2007 онд байгуулжээ. Тус байгууллага 2017 оны Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн билээ.
"Хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж, урт хугацаагаар цацраг идэвхт бохирдлыг тархаах цөмийн туршилтыг дахин эхлүүлэхгүй байхын тулд олон улсын гэрээ, тэр дундаа Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ, Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ маш чухал" гэж ICAN-ийн тэргүүн Мелисса Паркийн мэдэгдэлд дурдсан байна.
ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Дум Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг соёрхон баталсан шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэхдээ, АНУ-ын хийсэн алхмын хариуд Орос улс “мөн ижил арга хэмжээг авна" гэжээ. Гэхдээ тэрбээр Оросын цөмийн номлолыг өөрчлөн чангатгах, цөмийн туршилтыг дахин эхлүүлэх саналын аль алиныг нь дэмжээгүй юм.