Европын Холбооны цагаачлалын шинэчлэлийг Польш, Унгар эсэргүүцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ГРАНАДА, 2023 оны аравдугаар
сарын 7 / Reuters/. Европын Холбооны
/ЕХ/ цагаачлалын асуудлаарх дээд
хэмжээний уулзалт Испани улсын Гранада
хотноо баасан гарагт боллоо.
Польш, Унгар улсууд ЕХ-ны цагаачлалын талаарх бэлгэдэл төдий мэдэгдлийг эсэргүүцсэн боловч бусад улсуудын удирдагчид тухайн асуудлаарх Холбооны дүрмийг шинэчилнэ гэдгээ мэдэгдэв.
Он гарсаар 250 орчим мянган хүн 450 сая хүн амтай ЕХ-нд хууль бусаар нэвтэрсэн байна.
ХБНГУ-ын орон нутгийн сонгууль аравдугаар сарын 8-нд, долоо
хоногийн дараа Польшид парламентын сонгууль, ирэх оны зургаадугаар сард Европын парламентын сонгууль болох гэж буй үед улс төрийн эмзэг асуудал болох цагаачлалын нөхцөл байдалд Ром, Мадрид, Берлин санаа
зовниж байгаагаа илэрхийлжээ.
Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас ирж буй цагаачдыг хүлээн авахаас татгалзвал торгууль ногдуулах тухай ЕХ-ны шинэ хуулийг батлахын тулд Герман улс Польшийн сөрөг хүчний удирдагчидтай уулзаж байна гэж Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки буруутгалаа. "Гэр орныг маань өөр хүн тохижуулахыг Польш улс зөвшөөрөхгүй" гэж тэрбээр хэлжээ.
Түүнтэй ижил үзэл бодолтой, цагаачлалын эсрэг хатуу байр суурь баримталдаг
Унгарын удирдагч Виктор Орбан хэлэхдээ, цагаачлалын шинэ гэрээг батлахаар хүчилж байна гэж ЕХ-г буруутгасан байна.
ЕХ-ны 27 гишүүн орноос 22 нь өчигдөр цагаачлалын асуудлыг
хэрхэн шийдвэрлэх талаар санал нэгдэж, тус холбооны орогнол,
цагаачлалын талаарх хууль тогтоомжийг шинэчлэх алхмыг хийлээ.
Европын парламент цаашид энэхүү гэрээг хэлэлцэж эцсийн тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй
байгаагаа тус холбооны гүйцэтгэх захирал мэдэгдэв.
Польш, Унгар улсууд ЕХ-ны цагаачлалын шинэ гэрээнд саад учруулж чадахгүй бөгөөд баасан
гарагт болсон дээд хэмжээний
уулзалтын үеэр эсэргүүцлээ илэрхийлсэн нь бэлгэдлийн шинжтэй юм. Гэхдээ эдгээр орны хатуу шүүмжлэл нь тус холбоо уг хэлэлцээг хэр үр дүнтэй хэрэгжүүлж чадах вэ гэдэг асуудлыг үүсгэж байна.