Тэрбум мод: Нийслэлд 9 байршил дахь цэцэрлэгт хүрээлэнгүүдэд мод тарьж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-10-05 13:22:16

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр энэ 7 хоногт эхлээд байна. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сүүлийн жилүүдэд эрчимжиж 20 сая мод тариад байна.


Энэ намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 10 дугаар сарын 4-16-нд зохион байгуулж байнаНийслэлд мод тарих талбар бүхий цэцэрлэгт хүрээлэн есөн байршил бий. Мод тарих Үндэсний өдрийн хүрээнд эдгээрт 420 гаруй төрийн захиргаа, ААН, байгууллага мод тарих юм.


Тэдгээрийг дурдвал:

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт “IGM” цэцэрлэгт хүрээлэн,
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас,
  • Налайх дүүрэгт “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”,
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороон дахь “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”,
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд “Инчон мөрөөдлийн төгөл”,
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, зуслангийн бүсэд дээд салхит дахь “Хайрхан хөгжлийн төв”,
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Айцын ам,
  • Баянзүрх дүүргийн 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"-т мод тарьж эхэллээ.

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр, Түргэний гол дагуух цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Ойн газартай хамтран мод тарив. Дээрх цэцэрлэгт хүрээлэнд 2021 оноос хойш арав гаруй зүйлийн 13300 ширхэг мод, сөөг суулгажээ. Энэ оны намрын тооллогоор 93 хувь буюу 12 мянга гаруй мод, сөөг ургажээ. Энэ намар уг цэцэрлэгт 5000 ширхэг мод, сөөг тарихаар төлөвлөжээ.


Энэ талбайг Зэвсэгт хүчний 326 дугаар анги арчлан хамгаалж байна. Жил бүрийн ургамал ургалтын хугацаанд мод, сөөгт шаардлагатай услах, бордох, өвчин хортноос хамгаалах, хөл ургамал хадах, нөхөн тарилт, цэвэрлэгээний огтлолт хийх зэрэг арчилгааг дотоодын боловсон хүчний нөөцийг ашиглан тогтмол хийж иржээ. Мод, сөөгийг тогтмол арчилж, эзэнтэй байлгаснаар тус талбайн ургамлууд анх суулгаснаас 93 хувь нь амжилттай ургаж байна.  

Связанные новости