Хятадын Батлан хамгаалахын сайдыг огцруулсан гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-15 17:03:37

ВАШИНГТОН. /Financial Times/. Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфуг албан тушаалаас нь огцруулж, мөрдөн шалгаж байгаа гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа тухай Их Британийн “Financial Times” сонинд пүрэв гарагт мэдээлжээ.  


Тэрбээр Бээжин хотноо наймдугаар сарын 29-ний өдөр болсон Хятад-Африкийн Энх тайван, аюулгүй байдлын чуулганд үг хэлснээсээ хойш хоёр долоо хоног орчмын турш олны өмнө харагдаагүй байна.


Financial Times” сонин Ли Шанфуг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөрдөн шалгаж байгаа гэсэн дүгнэлтийг АНУ-ын эрх баригчид хийсэн тухай мэдээлэхдээ, тус улсын хэд хэдэн албан тушаалтан, бусад эх сурвалжуудыг эш татжээ. 


Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа яагаад Ли Шанфу мөрдөн шалгагдаж байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн талаар эх сурвалжууд мэдээлээгүй гэдгийг сонины мэдээнд дурдсан байна.


Ли Шанфу энэ оны гуравдугаар сард Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдсон юм. Тэрбээр өмнө нь Хятадын сансрын жолоодлогот нислэгийн төсөл болон тус улсын Зэвсэгт хүчинд зэвсэг худалдан авах ажлыг хариуцаж байжээ.


Энэ оны долоодугаар сард Гадаад хэргийн сайд асан Чинь Ганыг уг албан тушаалд томилсноос зургаа сар орчмын дараа огцруулсан бөгөөд түүний хаана байгаа нь бүтэн нэг сарын турш тодорхойгүй байсан юм.


Авлигын хэрэгт буруутгагдаж байсан хэд хэдэн цэргийн албан тушаалтныг мөн албан тушаалаас нь чөлөөлсөн нь Ли Шанфуг шалгаж байгаа гэх таамаглалыг дэвшүүлэхэд хүргэсэн бололтой.

Связанные новости