NBC: Пап Францис Чингис хааны үеэс улбаатай шашны эрх чөлөөг сайшаан тэмдэглэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
УЛААНБААТАР. /NBC/. Монголын нийслэл Улаанбаатар хотноо
айлчилж буй
Пап
Францис бямба
гарагт 13-р зууны дайчин Чингис хааны хөшөөний өмнө
ирэхэд төдийлөн олон хүн угтан авсангүй.
Папын дүрийг харахыг хүсдэг олон мянган сүсэгтнүүд бус харин дэлхийн католик
шашинтнуудын хамгийн цөөн тоотой, хамгийн шинэ нийгэмлэгийн 200 орчим гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй
хамт тэргүүн хамбыг хотын төв Сүхбаатарын талбайд бахархал дүүрэн угтан
авлаа.
Тооны хувьд цөөн боловч урам зориг дүүрэн сүсэгтнүүд “Viva il Papa” буюу Пап урт насал хэмээн хашгирч, зарим
нь Монгол, Ватиканы төрийн далбааг намируулж байлаа.
Мөн үндэсний
цэнхэр, улаан, шар өнгийн дүрэмт хувцас өмссөн хүндэт харуулууд жагссан байв.
33 настай Балдорж “NBC News”-ийн сэтгүүлчтэй ярилцахдаа “Бид бүхэн түүнийг Монголд харж байгаадаа маш их баяртай байна, түүнийг
энд ирнэ гэж төсөөлж ч байгаагүй. Гайхах,
баярлах зэрэгцэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Улаанбаатарт амьдардаг Хятадын католик шашинтан, 37
настай Ян Гуаны хувьд, Франсис хэзээ нэгэн цагт эх оронд нь ирнэ хэмээн найддаг тухайгаа яриад “хэзээ нэгэн өдөр ийм үйл явдал болно гэдэгт би итгэж байна,
бид Их Эзэнд итгэх ёстой” гэлээ.
Бямба гаргийн орой Францис Улаанбаатар дахь Гэгээн Петр,
Паулын сүмд хэлсэн үгэндээ, олон зуун жилийн туршид оршсоор ирсэн Монгол дахь католик шашны угсаа гарвалын талаар ярилаа. Тус улс 1992
онд ЗХУ-ын холбоотон коммунист засгийн газрыг таягдан хаясны дараа католик
шашныг зөвшөөрсөн юм. Үүний дүнд католик шашны нийгэмлэг өдгөө 1500 орчим гишүүнтэй болжээ.
Францис төрийн ордонд Ерөнхийлөгч, дипломатчид, соёлын
салбарын төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ, шашин шүтэх эрх чөлөөний монгол уламжлалыг өндрөөр үнэлээд, Монголын эзэнт гүрэн дэлхийн өргөн уудам нутгийг байлдан дагуулж байсан
тэр үед ч ийм үзэл санаа оршсоор байсан гэдгийг онцлов.
“Танай
эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг
дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж, улс иргэнийг засан
тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн
гайхамшигт чадварын гэрч юм. Энэхүү арга ухаан бидний цаг үед ч үнэ цэнтэй хэвээр байгаа
бөгөөд сэргээн хэрэглэх боломжтой” гэж Францис хэллээ.
Мөн зөрчил мөргөлдөөнд
нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан”
цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон
улсын хууль эрхзүйн хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай хэмээв. Латин хэлээр Монголын энх тайван гэсэн утгатай Pax Mongolica нь 13-14-р зууны үед Монголын эзэнт гүрний эзлэн авсан Евразийн өргөн уудам нутаг
дэвсгэрт харьцангуй тогтвортой байдал бий болоод байсан үеийг хэлж байгаа юм.
1992 онд Зөвлөлт засаглал нуран унаснаас хойш Монголд католик шашныг хуулиар зөвшөөрсөн, гэхдээ Францис засгийн газартай тохиролцоонд хүрч, сүсэгтэн олны тоонд тавьдаг хязгаарлалтыг цуцалж, сүмийг төрийн бус байгууллага мэтээр харьцдаг байдлыг зогсооно хэмээн найдаж байна.
Шашны эрх чөлөөний
асуудал нь Ватикан тус улсын хөрш Хятадтай ээдрээтэй харилцаатай байгааг
илтгэж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Ши Жиньпин шашин шүтлэгийг хятаджуулах бодлогыг
баримтлахыг шаардсаны улмаас протестантуудын төв болох Жэжян дахь сүмийн
барилгуудын гаднах загалмайг буулгаж, мөн лалын сүмүүдийг нурааж, Хятадын лалын
шашинтнуудыг ихээхэн хавчиж байна. Францис, Ши нар 2018 онд Хятадын хамба ламыг
томилоход Папын зүгээс хяналт тавих тухай гэрээнд гарын үсэг зурсан боловч
Хятад улс үүнийг зөрчсөн байна.
Түүнээс гадна, энэ
удаагийн айлчлал нь Кремльтэй дипломат яриа хэлцэл хийх боломжийг олгоно гэж
найдаж байна. Украины Гадаад хэргийн яамнаас Папын мэдэгдлийг “империалист суртал
ухуулга” гэж мэдэгдсэний дараа Францис өнгөрсөн долоо хоногт орос
залуучуудад хандан “Аугаа Орос” болон I Петр хааны түүхийг санаж явахыг уриалсан
мэдэгдлээ залруулахаас аргагүйд хүрсэн юм.
Сүхбаатарын талбайд эргэн очъё. Өөрийгөө шашингүй үзэлтэн гэж танилцуулсан 28 настай Б.Цолмон Папын Монголд хийж буй айлчлалыг “стратегийн ба геополитикийн ач холбогдолтой” гэж бодож байгаагаа бидэнтэй хуваалцлаа. “Манай улс Орос, Хятадтай хил залгаа оршдог, Пап
ламын айлчлал нь тус хоёр улсад болон тэдний зүгээс биднийг харах хандлагад нөлөөлнө” гэж
тэрбээр хэлэв.
Эх сурвалж: Pope praises Mongolia’s religious freedom dating back to Genghis Khan - NBC