Reuters: Хятадын католик шашинтнууд Монголд ирж Паптай мэндчиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-02 20:04:39

УЛААНБААТАР. /Reuters/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд Пап Францисыг угтан авах албан ёсны ёслолын үеэр Хятадаас ирсэн цөөн тооны католик хэдэн шашинтан улсынхаа төрийн далбааг барин түүнтэй мэндчилэв. 


Бямба гаргийн өглөө өөрсдийгөө католик шашинтнууд хэмээн танилцуулсан 20 гаруй хятад иргэн таван од бүхий улсынхаа улаан далбааг намируулан, Францисыг харахаар цагдаагийн хаалтыг тойрон цугларчээ.


Шанхай хотын иргэн, католик шашинтан, 37 настай Ян Гуан Монголд амралтаараа ирээд байсан бөгөөд Сүхбаатарын талбай дээр Пап ламыг харж чадсандаа баяртай байгаагаа хэллээ. Тэрбээр “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө “Түүнийг анх удаа харж байгаа болохоор маш их баяртай байна. Надад ийм боломж байнга тохиохгүй шүү дээ. Би маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


Ёслолын үеэр зарим хятад иргэд кардиналаас адис хүртэж байгаа нь харагдав. Хонконгоос ирсэн христийн мөргөлчин Сузан Уиллис ярихдаа, Францисыг өөрийн биеэрээ явж буйг хараад маш их догдолж, нулимс дуслуулснаа хэлэв. Хонконг руу буцах нислэг хар салхины улмаас хойшлогдсон тул тэд аялагчдын багаараа угтах ёслолыг үзэхээр ирсэн байна.


Ватиканы зүгээс Хятад дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг эрмэлзэж байгаа бөгөөд 3.3 сая орчим хүн амтай Монгол Улс нь Хятадтай ойр оршдог учраас Католик сүмийн хувьд стратегийн ач холбогдолтой.


Өдгөө 86 настай Францис дэлхийн хамгийн цомхон буюу 1450 гишүүнтэй Католик шашинтнуудын нийгэмлэгийг зорин баасан гарагт Монголд хүрэлцэн ирээд байгаа билээ.


Дэлхийн 1.3 тэрбум католик шашинтны тэргүүн бөгөөд төрийн тэргүүний алба хашдаг Францис дээгүүр нь нисэж өнгөрч буй улс орон бүрийн удирдагчдад мэндчилгээ дэвшүүлдэг тогтсон уламжлалын дагуу Хятадын төрийн тэргүүнд мэндчилгээ илгээсэн юм.


Францис БНХАУ-ын дарга Ши Жиньпинд илгээсэн илгээлтдээ, Хятадын бүх ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөж, Хятад үндэстний сайн сайхны төлөө залбирал үйлджээ.


Эх сурвалж: Chinese Catholics sneak a peek at pope in Mongolia - Reuters




Связанные новости