Израилын тамирчинтай гар барьсан Ираны хүндийг өргөгчийг хатуу шийтгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН. /CNN/. Ираны мэргэжлийн хүндийн өргөлтийн тамирчин олон улсын тэмцээний үеэр Израилын тамирчинтай гар барьсны учир бүх насаараа тэмцээнд оролцох эрхээ хасуулсан тухай Ираны төрийн мэдлийн мэдээллийн агентлаг мэдээлэв.
Хүндийг өргөгч, 36 настай Мостафа Ражаи энэ долоо хоногт Польшт болсон хүндийн
өргөлтийн дэлхийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээний үеэр Израилын
тамирчин Максим Свирский-тэй гар барьж, зургаа авахуулж байгаа нь “IRNA” агентлагийн нийтэлсэн дүрс бичлэгт харагдана.
Тус тэмцээнээс мөнгөн
медаль хүртсэн М.Ражаи энэ үйлдлийнхээ төлөө насан туршдаа хүндийг өргөлтийн бүх түвшний тэмцээнд оролцох эрхгүй болжээ. Түүний эл үйлдлийг Ираны Хүндийн өргөлтийн холбооны тэргүүний зүгээс “хүлээн
зөвшөөрөхийн аргагүй, уучилж болшгүй” хэмээн тодорхойлсон байна.
Түүнчлэн тамирчдын бүрэлдэхүүнийг ахлан явсан Хамид Салехиниа-г албан тушаалаас нь огцруулсан талаар төрийн мэдлийн “Tasnim” агентлаг мэдээллээ.
М.Ражаи тэмцээний дараа “Instagram” хуудсандаа, хоёрдугаар байр эзлэхэд нь тусалж дэмжсэн бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлсэн боловч гар барьсан, эрхээ хасуулсан талаар огт дурдсангүй.
Ираны эрх баригчид Израилыг улс хэмээн хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд дайсагнасан агуулгатай мэдэгдлийг байнга хийдгийн зэрэгцээ иран тамирчдыг израилчуудтай өрсөлдөхийг хориглосоор ирсэн юм. Тухайлбал, Ираны жүдоч Саид Моллаиг Израилын бөхтэй учраа тааруулахгүйн тулд 2019 оны жүдо бөхийн ДАШТ-ий дараагийн тойрогт өрсөлдөхийг нь хүчээр болиулсан нь тогтоогдсон тул Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ зүгээс Ираны багийн тэмцээнд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хасаж байсан юм.
Түүнээс гадна, Ираны тамирчид Израилын шатарчидтай хийх тоглолтод оролцохоос татгалзсан тохиолдол удаа дараа гарсан учир 2020 онд Олон улсын шатрын холбооноос (FIDE) Ираны шатрын холбоонд хандан байр сууриа илэрхийлэхийг шаардаж байжээ.