Ши Жиньпин “G20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-31 16:58:19

ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Энэтхэгт ирэх долоо хоногт болох “Их 20”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтыг алгасах бололтой гэж мэдээлэлд ойр Энэтхэг, Хятад дахь эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлэв.  


Энэтхэгийн албаны хоёр хүн, Хятадад ажилладаг дипломатч болон Энэтхэгийн Засгийн газарт ажилладаг төлөөлөгчийн мэдээлснээр, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Шинэ Дели хотноо есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд болох уулзалтад Хятад улсыг төлөөлөн оролцох төлөвтэй байна. Харин Энэтхэг, Хятадын Гадаад хэргийн яамдын хэвлэлийн төлөөлөгчдөөс энэ талаар тодруулга хүсэхэд одоогоор хариу өгөөгүй байна. 


АНУ, БНХАУ нь худалдаа, геополитикийн хурцадмал байдлын улмаас сэв суусан харилцаагаа тогтворжуулахыг эрмэлзэж байгаа тул Энэтхэгт болох дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин, Ерөнхийлөгч Жо Байден нар уулзаж магадгүй хэмээн таамаглаж байсан юм. Ши Жиньпин хамгийн сүүлд Ж.Байдентай өнгөрсөн оны 11 дүгээр сард Индонезийн Бали аралд болсон “G20”-ийн саммитын үеэр уулзсан билээ. 


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд Шинэ Дели рүү явахгүй гэдгээ хэдийнэ мэдэгдсэн бөгөөд түүний оронд Гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалтад оролцоно. 


Зохион байгуулагч Энэтхэг улсын Засгийн газрын нэгэн өндөр албан тушаалтан “Reuters” агентлагт мэдээлэхдээ, Ши Жиньпиний оронд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ирнэ гэсэн мэдээлэл бидэнд ирсэн хэмээн ярьжээ. Хятад дахь эх сурвалжуудын хоёр нь мэдээлэл өгөхдөө, Хятадын албаны хүмүүсээс мэдээлэл авсан хэмээн ярьсан бөгөөд ямар шалтгаанаар оролцохгүй болсныг мэдэхгүй байна гэжээ. Энэ талаар мэдээлэл өгсөн бүх хүмүүс хэвлэлд ярилцлага өгөх эрхгүй тул нэрээ нууцалсан байна. 


Сүүлийн саруудад Бээжинд айлчилсан АНУ-ын өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Худалдааны сайд Жина Раймондогийн энэ долоо хоногийн эхээр хийсэн айлчлал нь Ши, Байден нар уулзана гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэсэн юм. Хоёр орны удирдагчид нүүр тулан уулзах боломжтой өөр нэгэн дээд хэмжээний уулзалт бол ирэх 11 дүгээр сарын 12-18-нд Сан-Франциско хотноо болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ гишүүн орнуудын удирдагчдын уулзалт юм.


Өнгөрсөн оны 10 дугаар сард БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа сонгогдсон Ши Жиньпин энэ онд Хятад улс цар тахлаас үүдэлтэй хилийн хатуу хяналтын арга хэмжээнүүдийг гэнэт цуцалснаас хойш хилийн чанадад цөөн айлчлал хийгээд байна. Гэхдээ тэрбээр өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкт болсон Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй томоохон орнуудыг эгнээндээ нэгтгэсэн БРИКС-ийн удирдагчдын уулзалтад оролцсон билээ.

Связанные новости