Габон улсад цэргийн эргэлт гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПРЕТОРИ. /ТАСС/. Төв Африкийн Габон улсад цэргийнхэн
засгийн эрхийг авч, төрийн байгууллагуудыг тарааж, Шилжилтийн ба институтуудыг
сэргээх Хороог байгуулсан байна. Энэ тухай тус улсын Gabon 24 телевизийн суваг мэдээллээ.
“Шилжилтийн ба институтуудыг сэргээх Хороонд цугларсан Батлан хамгаалах ба аюулаас хамгаалах хүчнийхэн бид Габоны ард түмний нэрийн өмнөөс одоогийн дэглэмийг төгсгөл болгож, энх тайвныг хамгаалахаар шийдлээ. Эл зорилгоор 2023 оны 8 дугаар сарын 26-нд болсон бүх нийтийн сонгууль ба түүний урьдчилсан дүнг хүчингүй болгож байна. Дараагийн шийдвэр гарах хүртэл хилийг хааж, төрийн байгууллагуудыг татан буулгаж байна” гэж цэргийнхэн мэдэгджээ.
Gabon 24 телевизийн суваг Габоны Ерөнхийлөгчийн Тамгын газрын цогцолборт байрладаг аж. Ройтерс агентлагийн мэдээлснийг үзвэл, өнөө өглөө нийслэл Либревилл хотод буудалцах чимээ сонсогдсон байна.
Сонгуулийн хорооноос 26-ны өдөр
болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Али бен Бонго Ондимба ялсныг албан ёсоор
зарласнаас хойш хэдхэн цагийн дараа цэргийнхэн дээрх мэдэгдлийг хийжээ. А.Ондимба
сонгогчдын 64,27 хувийн санал авснаар гуравдахь удаагаа дараалан төрийн
тэргүүнээр сонгогдоод байсан юм.
Тэрбээр одоо хаана байгаа тухай албан ёсны мэдээлэл алга байна.