Бүгд найрамдахчуудын эхний мэтгэлцээнийг 11 сая гаруй хүн үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-25 09:49:18

ВАШИНГТОН. /VOA/. 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийн төлөө өрсөлдөж буй Бүгд Найрамдах намын гишүүдийн эхний мэтгэлцээнийг телевизийн Fox News сувгаар шууд дамжуулсныг 11 сая 100 мянган хүн үзжээ. Энэ бол 2015 оны рекорд үзүүлэлтээс нэлээд доогуур тоо юм.  


Дээрх тоон дээр Fox Business Network сувгийг үзсэн 1,7 сая хүнийг нэмбэл нийт үзэгчдийн тоо 12,8 сая болно.


Мэтгэлцээнд 8 хүн оролцсон бол нэр хүндээрээ хол тэргүүлж буй ерөнхийлөгч асан Д.Трамп оролцохоос татгалзсан тул түүнийг дэмжигч олон хүн шууд дамжуулалтыг үзсэнгүй.  2015 онд болсон мэтгэлцээнд Трамп оролцсоноор шууд дамжуулалтыг 24 сая хүн үзэж байсан бол 2016 оны 1 дүгээр сард түүнгүйгээр явагдсан мэтгэлцээнийг  үзэгчдийн тоо 12,5 сая болж огцом буурч байв.


Лхагва гарагт Милуоки хотод болсон мэтгэлцээнийг Fox News-ээр дамжуулж эхэлмэгц Трампын хөтлөгч Такер Карлсонтой хийсэн ярилцлагыг Х нийгмийн сүлжээгээр цацсаныг пүрэв гарагийн 18 цагийн байдлаар 238 сая удаа үзсэн гэх тоо гарчээ.


Энэ удаагийн мэтгэлцээнд Флорида муж улсын захирагч Рон Десантис, дэд ерөнхийлөгч асан Майк Пэнс, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Вивек Рамасвами, НҮБ-д сууж байсан АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейли, Сенатын гишүүн Тим Скотт, Арканзас муж улсын захирагч Аса Хатчинсон, Нью-Жерси муж улсын захирагч асан Жерси Крис Кристи, Хойд Дакота муж улсын захирагч Даг Бургум гэсэн 8 хүн оролцжээ.  


Дараагийн мэтгэлцээнийг ирэх 9 дүгээр сард Калифорни муж улсын Сими Вэлли хот дахь Р.Рейганы нэрэмжит Ерөнхийлөгчийн номын санд явуулахаар товлосон байна.


Үүний дараа хэд хэдэн мэтгэлцээн явагдах бөгөөд 10 дугаар сард болох сүүлчийн мэтгэлцээнийг Алабамад зохион байгуулах болов уу гэж БНН-ын Үндэсний хорооны гишүүдэд ойр байдаг нэгэн эх сурвалж ярилаа

Связанные новости