Курилийн арлуудын орчимд холбоотнуудын хамтарсан сургууль эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /ВВС/. Өчигдөр Курилийн арлуудын зүүн эргээс Хоншю арлын өмнөд хэсэг хүртэлх тэнгисийн усанд Япон, АНУ, Канадын тэнгисийн цэргийн хүчний Noble CHINOOK гэдэг нэртэй хамтарсан сургуулилалт эхэлжээ.
Японы хэвлэлүүдэд бичсэнээр, болзошгүй аюулын эсрэг Япон улс холбоотнуудынхаа хамт зогсож байгаа гэдгийг Оросын талд харуулах зорилгоор энэхүү сургуулилалтыг хийж байгаа ажээ.
28-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэ удаагийн тэнгисийн цэргийн сургуулилалтад Японы байлдааны 5 хөлөг онгоц, Америкийн эскадрын мина зөөгч Benfold хөлөг онгоц, Канадын Ottawa, Vancouver фрегат хөлөг онгоцууд болон хангалтын MV Asterix хөлөг онгоц оролцож байна.
Сургуулилалтын явцад газар дээрх байнуудыг илрүүлэн устгах, нисдэг тэргүүдийг бие биенийхээ хөлөг онгоцууд дээр буулгах хувилбаруудыг боловсруулах юм.
Японы Өөрийгөө хамгаалах тэнгисийн цэргийн хүчнээс гаргасан хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар “Япон, Канад, АНУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй бөгөөд нээлттэй байлгах гол суурь нөхцөл юм”.
Курилийн арлуудын орчимд болж буй холбоотон гурван улсын хээрийн сургуулийн тухайд Оросын талаас ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Энэ оны 7 дугаар сард Орос ба Хятадын нийт 10 хөлөг онгоц Номхон далайд хамтарсан эргүүл хийх явцдаа Агнуурын тэнгис дэх Лаперузын хоолойгоор нэвтрэн Хоккайдо арлын дэргэдүүр явж өнгөрчээ. Үүнийг Японы Батлан хамгаалах яам “цэргийн сүр хүчийг үзүүлсэн үйлдэл” гэж мэдэгдэж байв.