Мухардлыг эцэслэснээр Тайландын шинэ Ерөнхий сайд томилогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-23 11:03:37

 

БАНГКОК. /CNN/. Мягмар гарагт Тайландын парламент үл хөдлөх хөрөнгийн магнат Сретха Тависин-ийг тус улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилсноор гурван сарын турш үргэлжилсэн улс төрийн мухардмал байдал эцэс боллоо.


Фю Тай намыг төлөөлж буй өдгөө 60 настай түүнийг хоёр танхимтай парламентын 747 гишүүнээс 482 нь дэмжсэн байна.  Одоо Тависинийг Ерөнхий сайдаар томилсон шийдвэрийг Тайландын хаан  Маха Вачиралонгкорн батлах ёстой.


Фө Тай нам 21-ний өдөр бусад 10 намтай хамтран эвслийн засгийн газар байгуулах тухайгаа зарласан бөгөөд эдгээр намуудын дотор цэргийнхний эрх ашгийг төлөөлдөг "Паланг Прачарат”, "Руам Таи Сан Чат” гэсэн хоёр нам бий. Шинэ эвсэл нь Төлөөлөгчдийн танхимын 500 суудлын 314-ийг авсан боловч 250 суудалтай Сенатын танхимын дэмжлэггүйгээр Тависинийг Ерөнхий сайдаар томилох боломжгүй байлаа. Сенатын гишүүдийн ихэнх нь 2014 оны 5 дугаар сарын цэргийн эргэлтийн дараа байгуулагдаж, 2019 онд татан буугдсан Энх тайван, дэг журмыг тогтоох Үндэсний зөвлөлөөс томилогдсон юм.


2017 онд баталсан Үндсэн хуулийн дагуу Сенатын гишүүд нь парламентын доод танхимын гишүүдтэй хамтран намуудын санал болгосон нэр дэвшигчдээс засгийн газрын тэргүүнийг томилох эрхтэй болсон юм. Шинэ эвсэлд цэргийнхнийг төлөөлдөг намууд орсон нь Сретха Тависинийг Ерөнхий сайдаар томилоход нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.


Тависинийг засгийн газрын тэргүүнээр томилсон өдөр буюу өчигдөр Ерөнхий сайд асан Таксин Шинават 15 жилийн дараа эх орондоо эргэн иржээ. Тависин 5 дугаар сарын сонгуулийн өмнө CNN-д ярилцлага өгөхдөө, Таксины талын хүн биш гэдгээ хэлээд “өөрчлөлтийг хийж чадах Ерөнхий сайд байх болно” гэж амлаж байв.


Сретха парламентын гишүүн биш бөгөөд Их Британи, АНУ-д суралцаж, Кларемонтын их сургуулийг магистрын зэрэгтэй төгсжээ. Тайланд дахь Procter & Gamble компанийн салбарт гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ахынхаа хамт үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэхээр Sansiri компанийг байгуулжээ. 

Связанные новости