Зүүн төвийн үзэлт нэр дэвшигч Гватемалын Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХАВАНА. /ТАСС/. Гватемал улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь шатны
санал хураалтанд нийт саналын 59 хувийг авсан Movimiento Semilla гэдэг зүүн
төвийн үзэлтнүүдийн хөдөлгөөний төлөөлөгч Бернардо Аревало сонгуульд итгэлтэйгээр
ялалт байгууллаа. Энэ тухай Гватемалын Сонгуулийн дээд шүүхийн дарга Ирма
Паленсия тус байгууллагын фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан хэвлэлийн хурлын
үеэр мэдэгдлээ.
Саналын хуудасны 96 хувийг тоолсны дараах байдлаар Аревало
нийтдээ 2 сая 380 мянган хүний санал авсан бол түүний өрсөлдөгч, “Итгэл
найдварын үндэсний холбоо” гэдэг төвч үзэлтнүүдийн намаас нэр дэвшигч Сандра Торрес
1 сая 460 мянган хүний санал авсан нь 36,24 хувь болж байна.
Сонгуулийн сурталчилгаа хийх үеэрээ Аревало хар тамхины
мафиудтай тэмцэх, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг 12 мянган албан хаагчаар нэмэгдүүлэх, 4 мянган км зам тавих, авлигад холбогдсон этгээдийн иргэний ба
улс төрийн бүх эрхийг цуцлах, авлигын эсрэг үндэсний хэмжээний тогтолцоог бий
болгох, түүнчлэн хилийн чанадад буй гватемалчуудад зориулан Конгрессын сонгуулийн
шинэ тойргийг байгуулах гэх мэт олон амлалтыг өгчээ.
Гватемалын Ерөнхийлөгч нь 4 жилийн хугацаатайгаар
нэг удаа сонгогддог ба сонгуулийн болсны дараагийн жилийн 1 дүгээр сарын 14-нд үүрэгт
ажилдаа ордог байна.