Хятадын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-08-21 14:51:44

БЭЭЖИН. /BBC/. Хятадын эдийн засагт учирсан цар тахлын үр дагавруудыг арилгаж буй энэ үед тус улсын Төв банк бодлогын гол хүүнүүдийн нэгийг сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа бууруулжээ.


Тодруулбал, Хятадын Ардын банк нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 3.55 хувь байсныг 3.45 хувь болгож бууруулсан байна. COVID-19”-ийн нөлөөллөөс гарахад чиглэсэн тус улсын эрх баригчдын  хүчин чармайлт нь үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, экспорт буурах, хэрэглээний зардал сулрах зэрэг асуудлуудтай тулгараад байгаа юм.


Дэлхийн томоохон эдийн засагтай орнууд үнийн өсөлтийг сааруулахын тулд бодлогын хүүгээ өсгөөд буй үед Хятадын банк дээрх шийдвэрийг гаргажээ. Ардын банк Хятадын өрх болон бизнесүүдийн зээлийн дийлэнхийг бүрдүүлдэг нэг жилийн зээлийн хүүгээ хамгийн сүүлд энэ оны зургаадугаар сард бууруулаад байв.


“Дээрх алхам нь томоохон нөлөө үзүүлэхгүй хэдий ч Хятадын Засгийн газрын эдийн засгаа сэргээх амлалтыг илтгэн харуулж байна” гэж “Tribeca Investment Partners” фирмийн мэргэжилтэн Жунь Бэй Лиу “BBC” телевизэд мэдээлжээ. Хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлж, улмаар хэрэглээ, өсөлтийг дэмжихийн тулд илүү том урамшууллын багц хэрэгтэй болно. Үүнгүйгээр эдийн засаг дефляцид орох эрсдэлтэй бөгөөд түүнийг сэргээхэд илүү хүндрэлтэй гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Эдийн засагчид мөн Ардын банкийг таван жилийн хугацаатай зээлийн хүүгээ бууруулна гэж таамаглаж байсан ч 4.2 хувьд хэвээр үлдээжээ. Өнгөрсөн долоо хоногт тус банк гэнэтийн алхам хийж, богино болон дунд хугацааны хүүг мөн бууруулсан байна.


“Засгийн газрын зардал, мөн түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд туслах зорилтот арга хэмжээнүүдтэй уялдуулан дахин хүүг бууруулж магадгүй юм” гэж Fidelity International” фирмийн хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Кэтрин Юн хэлжээ. Бээжин хэрэглэгчдийн итгэлийг сэргээхийг хичээж байгаа ч албаны хүмүүс бодлогын урт хугацааны үр дагаврыг ч мөн анхаарч үзэх болно гэж тэрбээр нэмж хэлэв.


Дэлхийн ихэнх бүс нутагт хөл хорио тогтоохоос өөр аргагүйд хүргэсэн цар тахлын дараа Хятадын эдийн засаг хэд хэдэн томоохон бэрхшээлийг даван туулж байна. Өнгөрсөн долоо хоногт хямралд нэрвэгдсэн үл хөдлөх хөрөнгийн томоохон компани болох Evergrande АНУ-д дампуурлаас хамгаалах өргөдлөө өгсөн нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ноцтой асуудлууд тулгарсныг харууллаа. Их хэмжээний өртэй тус компани зээлдүүлэгчидтэй олон тэрбум ам.долларын гэрээ байгуулахаар ажиллаж байна.


Энэ сарын эхээр Хятадын өөр нэг томоохон үл хөдлөх хөрөнгийн компани Country Garden энэ оны эхний зургаан сарын хугацаанд 7.6 тэрбум долларын алдагдал хүлээж магадгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн тухайн долоо хоногт Хятад улс сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд анх удаа дефляцид орсныг албан ёсны тоо баримт харууллаа. Энэ нь инфляцын хэмжүүр болох хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 0.3 хувиар буурсантай холбоотой юм.


Үүний зэрэгцээ, дэлхийн зах зээлд эрэлт суларсантай холбоотойгоор Хятадын импорт, экспорт долоодугаар сард огцом буурч, улмаар тус улсын эдийн засгийн сэргэлтийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж байгааг албан ёсны тоо баримтууд харуулжээ.


Хятадын удирдлага залуучуудын дунд газар авсан ажилгүйдлийн талаарх тоо баримтыг танилцуулахаа больсон байна. Уг тоо бол тус улсын өсөлт удааширч буйг харуулах гол үзүүлэлт гэж зарим шинжээч үздэг. Зургаадугаар сард Хятадын хот суурин газрын 16-24 насны залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин 20 гаруй хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр тоо юм.

 


Связанные новости