Ким Жөн Ун стратегийн далавчит пуужингийн туршилтыг хянан удирджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПЁНЬЯН. /NHK/. Умард
Солонгосын удирдагч Ким Жөн Ун стратегийн далавчит пуужингийн туршилтын явцыг хянан удирдсан тухай тус улсын төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслүүд өнөө өглөө мэдээллээ.
Зүүн тэнгисийн флотын хөлөг онгоцны зогсоолд хийсэн туршилт яг хэзээ болсон
тухайд эрх баригч Хөдөлмөрийн намын “Rodong Sinmun” сонины мэдээнд дурдсангүй.
Умард Солонгос 1500-2000 км-ийн тусгалтай тактикийн цэнэгт хошууг тээх хүчин чадалтай стратегийн далавчит пуужингуудын туршилтыг удаа дараа явуулж байна гэж шинжээчид үздэг. Ийм пуужингууд нь өндөр нарийвчлалтай бөгөөд зууван эсвэл наймын тоо хэлбэрийн траекторийн дагуу бага өндөрт удаан хугацаанд нисдэг тул амдан сөнөөхөд хэцүү ажээ.
“Rodong Sinmun” сонинд
нийтэлсэн зургаас үзэхэд, урт, нимгэн цилиндр хэлбэртэй пуужинг хөлөг онгоцноос
харваж байжээ. Өмнөд Солонгосын Yonhap агентлагийн мэдээлснээр, уг хөлөг онгоц нь радарт илэрдэггүй шинэ төрлийн хөлөг онгоц ажээ.
Умард Солонгосын хэвлэлд мэдээлснээр, Ким Жөн Ун сургуулилалтын үеэр тэнгисийн
цэргийн флотыг шинэчлэх, байлдааны чадварыг сайжруулах бодлогоо танилцуулж, дайсны гэнэт довтлох гэсэн зорилгыг мохоохын тулд улам боловсронгуй болгоно гэдгээ мэдэгджээ.
Пуужингийн сургуулилт нь даваа гарагт эхэлсэн АНУ-Өмнөд Солонгосын ээлжит цэргийн
хамтарсан сургуулилтын хариуд хийж буй үйлдэл хэмээн ажиглагчид дүгнэж байна. Тэдний үзэж буйгаар, Ким Жөн Ун
наймдугаар сарын 28-нд болох тэнгисийн цэргийн ойн баярын өмнө цэрэг армийн зориг хүчийг бадраахыг зорьж буй бололтой.