ЭКОВАС: Бид цэргийн хунтынхантай наймаалцахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
РАБАТ. /ТАСС/. Баруун Африкийн улсуудын эдийн засгийн хамтын
нийгэмлэгийн /ЭКОВАС/ хувьд Нижерийн үймээн дэгдээгчидтэй асуудлыг наймаалцахыг
хүсэхгүй байна. Энэ тухай ЭКОВАС-ын Энх тайван, аюулгүй байдлын асуудал
эрхэлсэн комиссар Абдель Фатау Мусах “Аль-Жазера” телевизэд ярилцлага өгөхдөө
мэдэгдлээ.
“Нижерт төрийн эргэлт хийсэн цэргийн хунтынхантай бид наймаалцахыг хүсэхгүй байна, тэдний саналаар гурван жилийн хугацаатай шилжилтийн үе гэгчийг тогтоох талаар хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна” гэж комиссар хэлжээ. “Хэрвээ биднийг мэхлэх гэж байгаа бол бид бүхий л боломжит хувилбаруудыг ашиглах болно” гэж Мусах анхааруулаад цэргийн хунтын байгуулсан “Эрх орноо аврах Үндэсний зөвлөл”-ийн тэргүүн, генерал А.Тчиани-гийн баримталж буй байр суурийг “цаг хожих гэсэн оролдлого” гэж дүгнэсэн байна.
Харин Тчиани бямба гарагт мэдэгдэхдээ “ЭКОВАС-ын хориг арга
хэмжээ бол хууль бус, хүнлэг бус, Нижер орон ба түүний ард түмнийг задлан
бутаргахад чиглэсэн оролдлого” гэж эрс шүүмжилжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нижерт очсон ЭКОВАС-ын төлөөлөгчид
хямралыг зохицуулах талаарх өөрсдийн байр суурийг үймээн дэгдээгчдэд
тайлбарлажээ. Харин ЭКОВАС-ын төлөөлөгчид ба үймээн дэгдээгчдийн хооронд болсон
хэлэлцээ үр дүнгүйгээр дууссан бөгөөд түлхэгдэн унасан ерөнхийлөгч асан
М.Базумыг албан тушаалд нь эргүүлэн томилох шаардлагыг цэргийн хунтынхан хүлээж
аваагүй аж.