Умард Солонгос тив алгасах пуужин, тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-17 15:17:14

СӨҮЛ. /ТАСС/. АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалт ба Кэмп-Дэвидэд болох АНУ, БНСУ, Японы гурван талт дээд хэмжээний уулзалтын үеэр Умард Солонгосын тал янз бүрийн өдөөн хатгалга хийж, тив алгасах баллистик пуужин, тагнуулын хиймэл дагуул хөөргөн туршихаар зэхэж байна хэмээн Өмнөдийн тагнуулын алба дүгнэжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Үндэсний хурлын гишүүн Ю Сан Бом ярьсан байна.  


АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан Ulchi Freedom Shield гэдэг нэртэй цэргийн сургууль энэ сарын 21-31-ний өдрүүдэд, Кэмп-Дэвидийн уулзалт 18-нд болох юм.   


Өнөөдөр Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албанаас парламентын гишүүдэд тайлангаа тавьсан бөгөөд тив алгасах пуужинг хөөргөх бэлтгэл ажилтай холбоотойгоор Умардын нутагт автомашинуудын хөдөлгөөн идэвхжсэнийг дурджээ.

Үүнээс гадна цэргийн тагнуулын хиймэл дагуулыг хөөргөж магадгүй байгаа ажээ. Уг хиймэл дагуулын техникийн гэмтэл доголдлуудыг арилгасан тул түүнийг 8 дугаар сарын эцсээр эсвэл 9 дүгээр сарын эхээр хөөргөх бололтой. Учир нь БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойг 9 дүгээр сарын 9-нд тэмдэглэх тул баярын уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой байхыг үгүйсгэхгүй.  


Энэ оны 5 дугаар сарын 31-нд Умард Солонгосын "Маллигён-1" гэдэг хиймэл дагуулыг тээсэн “Чоллима-1” пуужин Шар тэнгист унасан билээ. Энэ нь пуужингийн хоёр дахь угсраа хэсгийн хөдөлгүүрт гэмтэл гарсантай холбоотой бөгөөд тухайн үед Умард Солонгосын эрх баригчид мэдэгдэхдээ “гэмтэл доголдлуудыг арилгасны дараа хиймэл дагуулыг ойрын үед дахин хөөргөнө” гэж байв. 

Связанные новости