Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жэймс Уэйтийг энэ сарын 10-нд хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Монгол Улсын гадаад бодлогод Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлон тэмдэглэж, Шинэ Зеланд Улсыг Номхон далай дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засаг, боловсрол болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбаруудад эрчимжүүлж, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх арвин нөөц, боломж байгааг дурдаж, аяллын компани, тур операторуудыг холбож, хамтарсан форум, арга хэмжээг зохион байгуулах, эко туризмыг хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар ярилцлаа.