Монгол Улсын Ерөнхий сайд, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-04 10:23:21

ВАШИНГТОН. /U.S. Department of Defence/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллоид Остин Монгол Улсын Ерөнхий сайд, эрхэмсэг ноён Л.Оюун-Эрдэнэтэй Пентагонд уулзахдаа хоёр талын харилцан сонирхож буй асуудлуудыг хэлэлцэж, АНУ-Монголын харилцааг бататган бэхжүүлэхээ дахин нотоллоо.


Монгол Улсын Ерөнхий сайд Пентагонд анх удаа зочилж байгааг сайд Л.Остин онцлон тэмдэглээд, батлан хамгаалахын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргаж буй хүчин чармайлтыг талархан дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн АНУ-ын Батлан хамгаалах яам ба Монголын Зэвсэгт хүчний хоорондын түншлэл олон арван жилийн түүхтэй гэдгийг тэмдэглэсний сацуу АНУ-ын зүгээс Ирак, Афганистанд явуулсан тогтвортой байдлыг дэмжих ажиллагаанд Монгол Улс хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлэв.


Л.Остин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлээд, АНУ-ын зүгээс уг ажиллагаанд оролцож буй Монголын Зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэх зорилгоор 20 байлдааны хөнгөн хуягт машиныг хүлээлгэн өгнө гэдгийг тэмдэглэн хэллээ. Талууд мөн АНУ-Монголын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замууд, түүнчлэн бүс нутагт тулгарч буй асуудлуудаар санал солилцсон байна.




Связанные новости