Дээд хэмжээний уулзалтыг тогтмол хийж байхаар Япон, АНУ, БНСУ төлөвлөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/.
Япон, АНУ, БНСУ-ын эрх баригчид БНАСАУ,
Хятадаас учрах аюул занал өсөн нэмэгдэж буй энэ үед нягт харилцаа холбоогоо
харуулах зорилгоор гурван талын дээд хэмжээний уулзалтыг тогтмол зохион
байгуулахаар төлөвлөж байна гэж дипломат эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.
Уг төлөвлөгөөний
талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Азийн хоёр холбоотон орны удирдагчидтай
наймдугаар сарын 18-нд Вашингтоноос холгүй орших Кэмп-Дэвид дэх өргөөндөө
уулзах үеэрээ хэлэлцэх төлөвтэй байна гэж эх сурвалжууд хэлсэн байна.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар оролцох энэхүү гурван талын дээд хэмжээний уулзалт нь Пёньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөр, Бээжингийн цэргийн хүч нөлөө өсөн нэмэгдэж байгаа нь бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулах болоод байгаа үед болох гэж байна.
Эх сурвалжуудын
мэдээлснээр, Япон, АНУ, БНСУ нь удирдагчдынхаа уулзалтыг тогтмол зохион байгуулах
замаар аюулгүй байдал, эдийн засаг тэргүүтэй салбаруудад нягт хамтын ажиллагаагаа
эрчимжүүлэхийг зорьж байгаа ажээ.
К.Фүмио,
Ж.Байден, Юн Сог Ёль нар хамгийн сүүлд тавдугаар сард Японы баруун нутгийн
Хирошима хотноо болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд
уулзсан юм.
Удахгүй болох
уулзалтын үеэр талууд гурван талын дээд хэмжээний уулзалтыг тогтмол зохион
байгуулах шаардлагатай эсэх, ямар хугацаанд зохион байгуулах талаар
үргэлжлүүлэн санал бодлоо солилцох төлөвтэй байна.