Бразил улс “BRICS”-ийг өргөжүүлэхийн эсрэг байр суурьтай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-02 15:24:47

БРАЗИЛИА./Reuters/. Бразил улс BRICS”-т нэмж гишүүн орнуудыг элсүүлэхийг  эсэргүүцэж байгаа ч энэ сарын дээд хэмжээний уулзалтаар гишүүнчлэлийн шалгуурын талаар хэлэлцэх нь гарцаагүй гэж Бразилын засгийн газрын албан тушаалтнууд Reuters агентлагт мэдэгджээ.


Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн энэхүү бүлэглэлийг зарим хүмүүс G7 зэрэг уламжлалт дипломат форумын эсрэг хүч тэнцвэржүүлэх зорилготой гэж үздэг. BRICS зөвшилцлийн үндсэн дээр шийдвэр гаргадаг тул Бразилын санал нь аливаа шинэ гишүүнчлэлийн асуудалд гол нөлөө үзүүлнэ.


АНУ-тай худалдааны асуудлаар сөргөлдөөнтэй байгаа энэ үед улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэхийг эрмэлзэж буй Хятад улс BRICS”-ийг өргөжүүлэх хүсэлтэй байгаа. Украинд хийж буй дайны улмаас хориг арга хэмжээнд ороод буй Орос ч холбоотнуудаа өргөжүүлэх боломжийг хайж байна.


Энэ жил тус бүлгийг даргалж буй Өмнөд Африк зургаадугаар  сард "BRICS-ийн андууд" уулзалтыг зохион байгуулж, тус бүлэгт элсэх хүсэлтэй хэд хэдэн улс орон оролцжээ. Хурдан өргөжихөөс эртнээс болгоомжилж байсан Энэтхэг ч гэсэн энэ асуудлыг зарчмын хувьд дэмжих болов уу гэж эх сурвалжууд мэдээлж байна.


Гэсэн хэдий ч, бусад улс орнуудыг элсүүлбэл “BRICS”-ийн нэгдмэл байдал алдагдах болно гэж Бразилиа үзэж байгаа аж. Одоогийн байдлаар 30 орчим орон BRICS”-т элсэх сонирхлоо илэрхийлснээс 22 нь албан ёсоор  хүсэлтээ өгөөд байна.


Бразил улс аливаа шинэ гишүүн улсыг аажмаар элсүүлэхийг хичээж, мөн бүс нутгийн тэнцвэрийг хадгалж, "BRICS”-ийн таван гишүүн орны гол үүргийг хэвээр хадгалах байр суурьтай байгаа аж.


Дэлхийн хүн амын 40 гаруй хувь, дэлхийн эдийн засгийн 26 орчим хувийг бүрдүүлдэг "BRICS”-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 22-24-нд Йоханнесбург хотноо болно.

Связанные новости