Пакистанд улс төрийн намын хурлын үеэр халдлага болсны улмаас 44 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-31 08:39:45

ИСЛАМАБАД. /BBC/. Пакистаны баруун хойд нутгийн Хайбер-Пахтунхва мужид эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд багтдаг "Жамиат Улема Ислам-Фазл" намын хурлын үеэр бөмбөг дэлбэлсний улмаас 44 хүн амиа алджээ. 


Янз бүрийн эх сурвалжийн мэдээллээр, 200 шахам хүн шархаджээ. Хуралд 500 орчим хүн оролцсон тул халдлагын хохирогчид үүнээс ч олон байж болзошгүйг аюулгүй байдлын албаныхан анхааруулсан байна. 


Урьдчилсан мэдээллээр, халдлагыг амиа золиослогч үйлдсэн бөгөөд террорист тайзны ойролцоо өөрийгөө дэлбэлжээ.  


Мужийн эрх баригчдын мэдэгдсэнээр, дээрх намын бүс нутгийн удирдагч Маулана Зиаулла амиа алдсан байна. Түүнийг дэмжигчдэдээ хандан үг хэлж байх үед дэлбэрэлт болжээ. "Жамиат Улема Ислам-Фазл" нь эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд багтдаг улс төрийн томоохон нам юм. Хайбер-Пахтунхва мужийн Хар хотод болсон хурлыг энэ намар болох парламентын сонгуулийн өмнө зохион байгуулсан байна. 


Пакистаны Ерөнхий сайд Шабхаз Шариф хэргийг мөрдөн шалгахыг үүрэг болгожээ. Халдлагыг улс орны байдлыг тогтворгүй болгохыг оролдсон жихадист бүлэглэл зохион байгуулсан байж болзошгүй гэж эрх баригчид үзэж байна. 




Связанные новости