ОХУ Украинтай хэлэлцээ хийхээс татгалзахгүй гэж В.Путин мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-30 08:43:43

МОСКВА. /Reuters/. Африкийн санаачилга Украинд энх тайван тогтоох үндэс суурь болох боломжтой ч Украины дайралтын улмаас хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт мэдэгдэв.


Тэрбээр өнгөрсөн баасан гарагт Санкт-Петербургт Африкийн орнуудын удирдагчидтай уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр үг хэлж, төлөвлөгөөг нь хэрэгжүүлэхийг Москвад уриалсан уриалгыг нь сонссон юм. 


“Энэхүү энхийн санаачилгад хэрэгжиж болох заалтууд бий. Гэхдээ хэрэгжүүлэхэд хэцүү эсвэл боломжгүй зүйлүүд ч байна" гэж тэрбээр хэлжээ.


Мөргөлдөөнд зуучлах Африк тивийн орнуудын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх алхмуудаас эхэлж, дараа нь Орос, Өрнөдийн орнуудын хооронд хэлэлцээ хийж, мөргөлдөөнийг зогсоож магадгүй гэж “Reuters” агентлаг зургаадугаар сард мэдээлж байв.


В.Путин хэлэхдээ, "уг санаачилгад гал зогсоох тухай заалт байсан. Гэхдээ Украины арми давшиж, довтолж, томоохон хэмжээний стратегийн давшилтын ажиллагаа явуулж байна ... Бидэн рүү довтолж байхад бид галаа зогсоож чадахгүй" гэж мэдэгдсэн байна. 


Энхийн яриа хэлэлцээг эхлүүлэх асуудлын талаар тэрбээр "Бид татгалзаагүй... Энэ үйл явцыг эхлүүлэхийн тулд хоёр талын зөвшилцөл зайлшгүй шаардлагатай" гэж мэдэгджээ. 

Связанные новости